Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Улсын хэмжээнд орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгон төвлөрүүлэх, улмаар бий болсон хөрөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 39.665 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэний 1.167 нь орон сууцны захиалга авч, гэрээ байгуулан иргэдийг залилсан хэрэг байсан бөгөөд энэ нь нийт залилангийн хэргийн 2.9 хувийг эзэлж байна. 2026 оны байдлаар орон сууцны залилангийн улмаас 995 иргэн нийт 64.5 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Харин 2024 оноос одоог хүртэл нийт 122.6 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэнээс 78 тэрбум төгрөгийг барагдуулсан. Үлдсэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай байгаа тул хууль, хяналтын байгууллагын ажиллагааг эрчимжүүлнэ. Мөн цахим гэмт хэргийн өсөлт ноцтой хэмжээнд хүрсэн. 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллага болон харилцаа холбооны салбарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягийн ард байгаа этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга нь төлбөртэй, хуурамч хаяг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хаяг худал мэдээлэл тарааж, иргэдийг талцуулан, нийгмийн итгэлцэл, үндэсний эв нэгдэл, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Ийм хаягийн ард байгаа этгээдүүд нуугдах газаргүй болгож, бүгдийг нь илрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.