Никарагуа улсын Ерөнхийлөгч Д.Ортега Никарагуад дахин хэзээ ч сонгууль болохгүй хэмээн мэдэгджээ

Никарагуа улсын Ерөнхийлөгч Д.Ортега Никарагуад дахин хэзээ ч сонгууль болохгүй хэмээн мэдэгджээ

Бүгд Найрамдах Никарагуа Улсын  Ерөнхийлөгч Даниэль Ортега дарангуйлагч Анастасио Сомоса Дебайлегийн дэглэмийг унагасны 47 жилийн ойн баярын үеэр Никарагуад дахин ерөнхийлөгчийн сонгууль болохгүй хэмээн мэдэгджээ. 

Никарагуагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2027 онд болох ёстой байсан ч Ерөнхийлөгч Даниэль Ортега сонгууль хийж, сөрөг хүчний намуудад засгийн газрыг хяналтдаа авч, эрх мэдлийг булаах боломжийг олгохгүй хэмээн, шинээр батлагдах хуулийн төсөл нь эх орноо худалдсан хуйвалдаачид болон урвагчдад зориулагдсан гэжээ.

Никарагуа улс ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах явдлыг хуульчилбал 1993 онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш ерөнхийлөгчийн ганц ч сонгууль хийгээгүй Эритрей улсын араас орох юм.

Эритрей улсын Ерөнхийлөгч, 80 настай Исайяс Афеворки 33 жилийн турш төрийн эрхийг атгаж байгаа бол Никарагуа улсын Ерөнхийлөгч Д.Ортега 2007 оноос хойш Никарагуа улсыг удирдаж байгаа юм. Ерөнхийлөгч Д.Ортегагийн засаг захиргаа 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даасан намуудыг оролцохыг хориглож, сөрөг хүчний намын нэр дэвшигчдийг барьж, хөрөнгийг нь хурааж, АНУ руу албадан хөөснөөс гадна ашгийн бус 500 гаруй байгууллага, хараат бус 30 институт, хэвлэл мэдээллийн 50 гаруй редакцыг хаагаад байгаа юм.