Хэт халалт Испани, Францыг түймэрт автуулж, Японд түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ

Хэт халалт Испани, Францыг түймэрт автуулж, Японд түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ

Европын баруун өмнөд хэсгийг хамарсан хэт халалтын улмаас агаарын температур 40 хэмээс давж, Испани, Францад ой хээрийн түймэр шинээр дэгдэн, онцгой байдлын албаныхан гал түймэртэй цаг наргүй тэмцэж байна.

Испанийн Каталони болон Андалуси мужид түймрийн эрсдэлтэй бүсэд оршин суудаг олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Хэт халалт цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул Иргэний хамгаалалтын байгууллагаас эрсдэлийн түвшнийг “нэн аюултай” хэмээн үнэлсэн байна. Харин Францын Бордо хотоос баруун тийш ойролцоогоор 2000 га талбайг хамран хурдацтай тархаж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсын баруун өмнөд нутгаас 10 мянга гаруй хүнийг шөнийн турш нүүлгэн шилжүүлжээ. Түймэр жуулчдын олноор зорьдог Аркашоны булангийн ойролцоо гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх нь кемпэд байрлаж байсан жуулчид аж. Одоогоор 500 гаруй гал сөнөөгч түймрийг цурманд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд гал маш хүчтэй тархаж байгаа хэдий ч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж орон нутгийн захиргаанаас мэдээлжээ. Статистик мэдээллээс үзэхэд Европт энэ онд түймэрт өртсөн газрын хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас хэдийн давсан байна. Дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тивүүдийн нэг болох Европ энэ онд бараг завсаргүй үргэлжилж буй хэт халалтын гурав дахь давлагаатай нүүр тулж байгаа юм. Хэт халалт Испани, Францыг түймэрт автуулж, Японд түргэн тусламжийн дуудлага нэмэгджээҮүний зэрэгцээ Японы нийслэл Токио хотод хэт халалтын улмаас наранд цохиулсан байж болзошгүй 261 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгдэж, аврах албаныхан ганцхан өдрийн дотор 3454 дуудлага хүлээн авсан нь 1963 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.