Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж буй. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5,000 айлын орон сууцыг хоёр үе шаттай баригдана.
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулж, нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Тус дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгчээ. Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 72 хувьд хүрсэн байна.
Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандарттай, айл бүрд эрчим үч хэмнэх дулааны тоолуур суурилуулж байгаагаараа онцлогтой. Ногоон орон сууц төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын 8,000 өрхийн яндан, 5,000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ. Шархад дэд төв төслийн хүрээнд баригдаж буй орон сууц болон худалдаа, үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан бөгөөд эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байна. Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болох аж.