Берлиний “Pride” парадад Исламын халдлага үйлдсэн 21 настай этгээдийг цагдаа нар буудаж хөнөөжээ

Берлиний “Pride” парадад Исламын халдлага үйлдсэн 21 настай этгээдийг цагдаа нар буудаж хөнөөжээ

Германы нийслэл Берлин хотод ЛГБТ хүмүүсийн “Pride” парад болох үеэр автомашинтай этгээд халдлага үйлдэж, нэг хүний аминд хүрч, 29 хүнийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гарагт /2026.07.25/  гарлаа.

Халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд Берлиний цагдаагийн байгууллага сэжигтнийг 21 настай Абдул Б. хэмээн тодорхойлж, түүний байршлын талаар мэдээлэл өгөхийг олон нийтээс хүссэн. Улмаар цагдаа нар сэжигтнийг Спандау дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд байгааг олж, тогтоожээ. Берлиний цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, сэжигтэн алба хаагчид руу зэвсэгтэйгээр дайрах үед цагдаа нар гал нээсэн байна. Түргэн тусламжийн баг газар дээр нь сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч сэжигтэн нас баржээ.

Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт ням гарагт мэдэгдэл хийхдээ сэжигтэн өмнө нь олон тооны гэмт хэрэг үйлдэж, радикал үзэл сурталд автан, Исламын бүлэгт элсэж байсан тул хууль сахиулах байгууллагын анхаарлын төвд байсан гэж мэдэгдсэн байна. Сэжигтэн Абдул Б нь Ливан гаралтай, Германы иргэншилтэй хүн байсан аж. Тэрбээр Германыг орхин Ливан улсад очиж, “Исламын улс” террорист бүлэглэлд элссэн гэх мэдээлэл байна. Улмаар Ливаны цэргийн шүүхээс шашны мөргөлдөөн үүсгэхийг завдсан хэргээр гурван сарын хорих ял сонсож, 2025 оны арваннэгдүгээр сард ялаа эдэлж дууссаны дараа Германд буцаж ирсэн байжээ.