Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд нэг өдрийн дотор зургаан уулчин амиа алдсан харамсалтай явдал гарчээ. Амиа алдсан хүмүүсийн тав нь долоон хүний бүрэлдэхүүнтэй авирч байсан Босни ба Херцеговина улсын иргэд бол нэг нь өөр багт авирч байсан ОХУ-ын иргэн байжээ.
Мөрдөн шалгах хэлтсийн мэдээлснээр, Босни ба Херцеговины долоон иргэнээс бүрдсэн баг долоодугаар сарын 24-ний өдөр авиралтаа эхлүүлсэн байна. Гэвч маргааш орой нь цаг агаар гэнэт муудсаны улмаас уулчид замаасаа төөрсний улмаас багийн нэг гишүүн уулнаас бие даан бууж чадсан бөгөөд хамт явсан хоёр хүн нь далайн түвшнээс 5.1 мянган метрийн өндөрт бие нь муудаж нас барсан тухай аврагчдад мэдээлжээ.
Херцеговины Онцгой байдлын яамны мэдээлснээр, аврагчид амиа алдсан хоёр хүний цогцсыг Азаугийн хөндий рүү буулгасан бөгөөд хүчтэй цасан шуурга, ширүүн салхины улмаас бусад цогцсыг буулгах ажиллагааг цаг агаар сайжрах хүртэл хойшлуулахаас өөр аргагүй болсон гэж мэдээлжээ. Тухайн өдөр Эльбрус ууланд дахин нэг уулчин амиа алдсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Авиралт хийхээр албан ёсоор бүртгүүлсэн Ставрополийн хязгаар болон Тула мужийн хоёр уулчин далайн түвшнээс 5.3 мянган метрийн өндөрт аврах тусламж хүсэж улмаар дуудлагын дагуу очсон аврагчид амиа алдсан нэг уулчныг олж, нөгөө уулчныг эсэн мэнд уулнаас буулгажээ.