Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэйн ордод түшиглэсэн газрын ховор элемент олборлох, боловсруулах төслийн асуудал сүүлийн жилүүдэд нийгэмд маргаан дагуулсаар ирсэн. Тус төслийг эсэргүүцсэн нутгийн иргэд хөдөлгөөн өрнүүлээд буй.
Улмаар 2026 оны зургаадугаар сарын 16-нд УИХ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар Халзанбүрэгтэйн төслийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Үүний дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагааг түр зогсоосон талаар мэдээлсэн юм.
Тэрбээр Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон гэж мэдэгдэж байв. Тодруулбал, АҮЭБЯ-ны ажлын хэсгээс "Монголиан нэйшл рийр ийрт корп" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд:
- Орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй;
- Хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй;
- Нөхөн сэргээлтийн зардлыг бодитоор тооцоогүй;
- Дээж хадгалах агуулахгүй;
- Өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй;
- Газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Харин тус компани дээрх зөрчлүүдийг арилгасан тул хайгуулын үйл ажиллагааг нь 2026 оны долдугаар сарын 23-нд сэргээжээ.
