Архины сурталчилгаа сошиалд шилжиж, инфлюенсерүүд, подкастуудад зориулсан хууль байх ёстойг сануулж байна

Архины сурталчилгаа сошиалд шилжиж, инфлюенсерүүд, подкастуудад зориулсан хууль байх ёстойг сануулж байна

Сүүлийн үед сошиал сүлжээгээ нээхэд л алдартай инфлюнзер шинэ төрлийн архи амталж буй бичлэг, хэдэн зуун мянган дагагчтай контент бүтээгч импортын согтууруулах ундааг танилцуулсан пост, шилтэй архи өрсөн YouTube-ийн нэвтрүүлгүүд ар араасаа хөвөрнө. Эдгээр нь албан ёсны сурталчилгаа мэт харагдахгүй ч архины брэндийг олон нийтэд, тэр дундаа залуу хэрэглэгчдэд хүргэх хамгийн үр дүнтэй маркетингийн хэрэгсэл болж хувирчээ.

Нэг талаас Монгол Улс согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж, архины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослыг бууруулах талаар ярьсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын STEPS 2019 судалгаагаар 15-69 насны иргэдийн 34.8 хувь нь сүүлийн 30 хоногт архи хэрэглэсэн бол архи хэрэглэгчид нэг удаад дунджаар 9.3 стандарт хундага уудаг нь монголчуудын дунд хэтрүүлэн хэрэглэх хэв маяг түгээмэл байгааг харуулжээ. 

- ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛИАР 18 ХУВИАС ДЭЭШ ХАТУУЛАГТАЙ СОГТУУРАХ УНДААГ СУРТАЛЧЛАХЫГ ХОРИГЛОДОГ- 

Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуульд 18 хүртэлх хувийн хатуулагтай дарс, пиво, уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааг тодорхой нөхцөлтэйгээр сурталчлахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ ийм сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд "Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой" гэсэн санамжийг заавал агуулсан байх ёстой.

Түүнчлэн хуулиар:

  • согтууруулах ундаа нь хүнийг амжилтад хүргэдэг, нэр хүндийг өсгөдөг гэсэн агуулга илэрхийлэх;
  • эрүүл мэндэд ашиг тустай мэт ойлголт төрүүлэх;
  • 18 хувиас дээш хатуулагтай согтууруулах ундааг сурталчлах;
  • эрүүл мэндийн сэрэмжлүүлэггүй сурталчлахыг хориглосон байдаг.

Зар сурталчилгааны тухай хууль

Гэвч сүүлийн жилүүдэд сошиал сүлжээ, YouTube-ээр  түгээж буй контентууд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэх нь анхаарал татаж байна.

- АРХИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН ХЭМЭЭН СУРТАЛЧИЛЖ БОЛОХГҮЙ- 

Нэг жишээ дурдвал УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан импортын архи, пивог тогтмол танилцуулж, амталдаг. Тэрбээр бүтээгдэхүүний гарал үүсэл, амт, онцлогийг тайлбарлаж, зарим тохиолдолд бусдад бэлэглэх, хэрэглэхийг эерэг байдлаар дүрсэлдэг байна. Мөн гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэх үеэр охид нь вино ууж буйг бичлэгийг нийтэлсэн нь согтууруулах ундааны хэрэглээг өдөр тутмын хэвийн хэрэглээ мэтээр ойлгуулах агуулгатай харагдаж байна. Гэвч эдгээр контентод "Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой" гэсэн санамж байдаггүй бөгөөд хэрэглээг уриалсан шинжтэй эсэх нь хуульд нийцэж байгаа талаар асуулт дагуулж байна.

Үүнээс гадна архи, согтууруулах ундааг сошиалаар дамжуулан олон нийтэд хүргэдэг нэвтрүүлэг, подкастуудын тоо ч нэмэгджээ. Хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд буух нэвтрүүлэг бол "Халамцуу яриа". Нэрнээсээ эхлээд согтууруулах ундааны хэрэглээг илэрхийлсэн энэхүү нэвтрүүлэгт зочидтой хамт архи, дарс хэрэглэн ярилцдаг онцлогтой. Нэвтрүүлгийн үеэр тодорхой брэндийн согтууруулах ундааг дэлгэн байршуулж, амт, үнэр, үйлдвэрлэлийн онцлог, хэрэглээний талаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ зочдод архи бэлэглэх тохиолдол ч бий. Ийм төрлийн контент нь сурталчилгаа мөн эсэх, эсвэл зөвхөн нэвтрүүлгийн нэг хэсэг үү гэдэг асуудал маргаантай ч үзэгчдийн хувьд тухайн брэндийг танин мэдүүлэх, хэрэглэх сонирхол төрүүлэх нөлөө үзүүлдэг нь үгүйсгэх аргагүй.

Мөн Ratabuzz сувгийн зарим дугаарт согтууруулах ундааны талаар танилцуулж, "хоолны дараа уувал хоол боловсруулахад тустай", "цусны эргэлтийг дэмждэг", "Карлови Варигийн 13 дахь рашаан" гэх зэрэг тайлбар хэлдэг. Харин Зар сурталчилгааны тухай хуулиар согтууруулах ундаа нь эрүүл мэндэд ашиг тустай гэсэн агуулга илэрхийлэхийг хориглосон байдаг. Тиймээс ийм төрлийн агуулга хуульд нийцэж байгаа эсэх талаар холбогдох байгууллагууд үнэлэлт өгөх шаардлагатай юм. Үүнээс гадна "Amaraa Weekly Show", "Baji Ylalt", "Urban Talk" гэх мэт влог, ярилцлагын контентууд видеоныхоо үеэр согтууруулах ундаа хэрэглэх нь ихэссэн нь энэ төрлийн сурталчилгаа өргөн хүрээг хамарч байгааг харуулж байгаа юм.

Монгол Улс архины хорт хэрэглээг бууруулах бодлого баримталж, сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон ч сошиал сүлжээ, YouTube-ээр түгээж буй контентуудад энэ зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Контент бүтээгчид үүнийг энгийн ярилцлага, лайфстайл контент гэж тайлбарлаж болох ч олон нийтийн дунд архины хэрэглээг хэвийн зүйл мэт ойлгуулах нөлөө үзүүлж байгаа юм. Иймээс цахим орчин дахь архины сурталчилгаанд хэн, хэрхэн хяналт тавьж, өнөөгийн хууль шинэ төрлийн контентуудад үйлчилж чадаж байгаа эсэх нь хариулт нэхсэн асуудал хэвээр байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө

Дүрвэгсэд...

12 цагийн өмнө