АН, МАН 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулж, Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар жил хүрэхгүй хугацаанд ажилласан. Тэрбээр сайдаар томилогдсон даруйдаа өөрийн туслах, сонгуулийн менежер, зөвлөхөөр ажилласан туршлагатай Ш.Ганхуягийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь томоохон авлигын хэргийн үндэс болсон байдаг.
Прокуророос өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Ш.Ганхуягийг бусадтай бүлэглэн “Алтжин” группийн эзэн Эдуард Сүрэнгээс 2.7 тэрбум төгрөгийн авлига авч, мөнгө угаасан үндэслэлээр буруутган хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Ш.Ганхуяг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдөхөөс нэг өдрийн өмнө “Минерал эксплорейшн фандинг” компанийн мэдэлд байсан Олон овоот ордын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг Эдуард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” болон “Зөв зүг” компанид шилжүүлсэн аж. Улмаар авлигад авсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нуух зорилгоор барилгын бизнест оруулж, угаасан нь тогтоогджээ. Мөн шалгалтын явцад Ш.Ганхуягийг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоосон байна.
Прокуророос Ш.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт ( мөнгө угаах) гэдэг зүйлчлэлээр бууруутгажээ. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг.