Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь улс төрийн хүрээнд төдийгүй орон нутагт анхаарал татсан асуудал болоод байна.
Түүнийг чөлөөлсөн шалтгааныг шатахууны хомсдол, шүлхий өвчний нөхцөл байдалтай холбон тайлбарлах байр суурь гарч байгаа бол АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, шүүхэд хандахаа мэдэгдсэн. Харин Е.Зангар өөрийгөө улс төрийн шалтгаанаар огцруулсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
ВИДЕО:
Гэвч Е.Зангарыг чөлөөлсөн асуудлыг зөвхөн сүүлийн үед үүссэн шүлхий, шатахууны асуудлаар хязгаарлахад өрөөсгөл. Түүний бүрэн эрхийн хугацаанд нэр нь холбогдож байсан зарим эрүүгийн хэрэг, төрийн албан тушаалын томилгоо болон төрийн албан хаагчидтай холбоотой маргаанууд өмнө нь ч олон нийтийн анхааралд орж байжээ.
Нэгдүгээрт, Баян-Өлгийн Засаг дарга асан Е.Зангар 2025 онд нэн ховор амьтан болох цоохор ирвэстэй холбоотой эрүүгийн хэрэгт холбогдож байсан. Тодруулбал, түүнийг цоохор ирвэс хууль бусаар агнасан, арьс, махыг нь хадгалж, тээвэрлэсэн гэх асуудлаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Уг асуудал 2025 оны есдүгээр сард гарч, арванхоёрдугаар сард олон нийтэд илүү өргөн хүрээнд мэдээлэгдсэн юм.
Хоёрдугаарт, Е.Зангарын удирдлагын үед Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Тиянах ажиллаж байгаа нь мөн анхаарал татсан асуудлын нэг. Орон нутгийн иргэдийн зүгээс түүнийг Е.Зангарын төрсөн эгчийн хүргэн гэх шалтгаанаар томилогдсон хэмээн шүүмжилж ирсэн. Түүнчлэн О.Тиянах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхийн шатанд байгаа аж. Улмаар түүний холбогдсон хэрэг 1.2 жилийн ял сонсож магадгүй байгаа юм. Энэ томилгоо хууль зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөл тогтоож байжээ.

Гуравдугаарт, 2024 оны орон нутгийн сонгуулийн үеэр АН-ын сонгуулийн штабт ажиллаж байсан гэх н.Давиржаныг аймгийн ЗМГ-ын даргын албан тушаалд хууль бусаар томилсон байгаа юм. н.Давиржан нь өмнө нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлж байсан гэх мэдээлэл бий. Тиймээс уг томилгоо төрийн албаны холбогдох хууль, журмын шаардлагыг хангасан эсэх, сонгуулийн улс төрийн харьяалал нь томилгоонд нөлөөлсөн эсэх асуудал анхаарал татна.
Дөрөвдүгээрт, Е.Зангар 2026 оны хоёрдугаар сард Казахстан Улсад хувийн зардлаар зорчиж, амарсан гэх мэдээлэл бий. Харин буцах үедээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын автомашин болон хоёр жолооч ашигласан гэх асуудал мөн яригдсан. Энэ нөхцөлд төрийн байгууллагын автомашин, албан хаагчдыг хувийн зорчилтод ашигласан эсэх, шатахуун болон жолооч нарын илүү цагийн зардлыг ямар эх үүсвэрээс гаргасан зэрэг нь тодорхой болох шаардлагатай.
Тавдугаарт, Е.Зангарын удирдлагын үед төрийн албан хаагчдыг дарамталж, ялгаварлан гадуурхсан гэх гомдол, маргаан гарч байсан. Ажлаас чөлөөлөгдсөн зарим төрийн албан хаагч шүүхэд хандаж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан боловч уг шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байсан гэх асуудал ч хөндөгддөг. Түүнийг ажиллаж байх хугацаанд шүүхэд хандсан маш олон жирийн төрийн алба хаагч бий гэдгийг тодотгоё.


Аймгийн Засаг даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Ерөнхий сайдад хадгалагддаг. Ийнхүү Е.Зангарын чөлөөлөгдсөн асуудлыг зөвхөн шүлхий, шатахууны хомсдолтой холбон тайлбарлахад учир дутагдалтай. Түүний нэр төрийн албан тушаал, эрүүгийн хэрэг, хууль бус томилгоо, төрийн нөөцийн ашиглалттай холбоотой хэд хэдэн асуудалд холбогдож, зарим нь шүүхийн шийдвэрээр хүртэл тогтоогдсон байна. Харин одоо Баян-Өлгий аймгийг хэн удирдах вэ гэдэг асуулт л үлдэж байна. Одоогоор Н.Тилеуханы нэр яригдаж байгаа аж.