Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын даргаар ажиллах Б.Батцэцэг өчигдөр тус конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг даргалж буй Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Абдулмохсен Аль Фадлитай утсаар ярилцжээ.
Утсаар ярих үеэр талууд UNCCD COP17-ын бэлтгэл ажил болон конвенцын хүрээнд хэлэлцэж буй асуудлуудаар санал солилцсон байна. Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улс UNCCD COP16-ыг амжилттай зохион байгуулж, конвенцын хэлэлцээний үйл явцыг урагшлуулахад тууштай манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Мөн COP16-аас COP17-д шилжих залгамж чанарыг хадгалж, бага хурлын хүрээний яриа хэлэлцээг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх нь чухал болохыг онцолсон байна. Түүнчлэн талууд ирэх UNCCD COP17 бага хурлыг бодит үр дүнтэй, конвенцын гишүүн орнуудад үр өгөөжтэй зохион байгуулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдсэн талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.