Монгол, Японы Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн дэд ерөнхийлөгч Ё.Ёшифүмитэй уулзжээ.
Уулзалтаар Монгол, Японы "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Энэ үеэр Г.Амартүвшин "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Монгол-Японы сургалтын эмнэлэг, инженерийн хүний нөөц бэлтгэх төсөл, тэтгэлэгт хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Харин ЖАЙКА-гийн дэд ерөнхийлөгч Ё.Ёшифүми Монгол, Японы хөгжлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.