Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.
Хөвсгөл нуурын төрийн тахилгыг угтан анх удаа зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь нуурыг хамгаалах, экосистемийг тэнцвэрийг хадгалах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох, зөвлөмж гарган төрийн бодлогод тусгуулах зорилготой аж. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Хөвсгөл нуурын усны чанарыг хамгаалах, эрэг дагуух хог хаягдлыг бууруулах, судалгаа хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй хамгааллын бодлого хэрэгжүүлэх чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг онцоллоо.
Цаашид нуур тойрсон сумдын хөгжлийн ерөнхий болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурын хамгаалалттай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж, санаачилга гарган ажиллана гэдгийг тодотгов. Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Төрийн тахилгын учир холбогдлыг хөгжлийн бодлогод чиглүүлэх арга зам”, “Хөвсгөл далайн тахилга ба монголчуудын ус, байгаль шүтэх уламжлал”, “Хөвсгөл нуурын бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж ба эдийн засгийн хөгжил”, “Хөвсгөл нуурын гидрологийн болон бохирдлын судалгаа, түүнд үндэслэсэн хамгааллын бодлого”, “Хөвсгөл нуур орчмын бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц, шийдэл”, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бодлого, менежмент, гарц шийдэл”, “Хөвсгөл нуурыг хамгаалахад орон нутгийн оролцоо, гарц шийдэл” зэрэг нийт 13 илтгэл хэлэлцүүллээ.