Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар Монгол Улсын MNS 4599:2026 “Авто тээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авч байгаа талаар бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-ЗӨВХӨН СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ҮЗҮҮЛЭЛТ БҮХИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ МОНГОЛ УЛСАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ-
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийг техникийн стандартаар тогтооно гэж заасан байдаг. Харин Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн С/04 дүгээр тушаалаар баталсан MNS 4599:2026 “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартаар тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд дуу чимээний хэмжээг шинэчлэн тогтоосон юм.
М ангиллын суудлын автомашин хамгийн ихдээ 79 децибел, 3.5 тонноос дээш жинтэй N ангиллын ачааны автомашин 81 децибел, мотоцикл, мопед 105 децибел, L2 ангиллын гурван дугуйт мопед 76 децибел, L4, L5 ангиллын трицикл 80 децибел, L6, L7 ангиллын квадрицикл 86 децибелээс хэтрэхгүй байх шаардлагатай.
Хэрэв хэмжилтээр эдгээр үзүүлэлтээс давсан нь тогтоогдвол тухайн тээврийн хэрэгслийг техникийн шаардлага хангахгүй гэж үзэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, боломжгүй бол техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авах юм. Өөрөөр хэлбэл, жолооч эхлээд яндан болон дуу намсгуураа стандартын шаардлагад нийцүүлэн засварлаж, дараа нь дахин техникийн үзлэгт хамрагдах шаардлагатай болно гэсэн үг.
БЗД-ийн техникийн хяналтын үзлэгийн инжежер Ж.Доржготов “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь зөвхөн жолооч, зорчигчдын төдийгүй бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах техникийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Иймээс жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид яндан, дуу намсгуур болон бусад эд ангийг бүрэн бүтэн байлгаж, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Хэрвээ тухайн тээврийн хэрэгслийн гаргаж байгаа дуу чимээ хүлцэх хэмжээнээс давсан бол зөрчлийг тэр дор нь арилгуулах, боломжгүй бол үзлэг оношилгоог хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

-АШИГЛАЛТЫН ЯВЦАД ЯНДАНГИЙН СИСТЕМИЙГ СОЛЬЖ, ДУУ НАМСГАХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АВАХ, ЗОРИУЛАЛТЫН БУС ТОНОГЛОЛ СУУРИЛУУЛАХ НЬ ДУУ ЧИМЭЭ ЭРС НЭМЭГДЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛООД БАЙНА-
СБД-ийн замын цагдаагийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч М.Болор “Үйлдвэрээс гарч буй мотоциклууд тодорхой стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Харин ашиглалтын явцад яндангийн системийг сольж, дуу намсгах төхөөрөмжийг авах, зориулалтын бус тоноглол суурилуулах нь дуу чимээ эрс нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Хууль, дүрэмд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч (глушитель) ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзнэ. Тиймээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд цагдаагийн байгууллага тогтмол хяналт, шалгалт тавьж ажиллаж байна. Иймд иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зориулалтын яндан, дуу намсгуур тавихыг зөвлөж байна” гэлээ.
Стандарт бол чанар, аюулгүй байдлын баталгаа гэх үг бий. Гэвч тээврийн хэрэгслээс гарч байгаа дуу чимээний бохирдлын асуудал жолоочийн ухамсаргүй, стандартаа мөрддөггүй, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гэж тайлбарлаж болохоор байна.
