Өсвөр насны хүүхдүүдийн нэгнээ зодож, дарамталж буй бичлэгүүд цахим орчинд удаа дараа тархаж, үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн хамгийн их анхаарал татсан асуудлын нэг болсон. Тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан П.Наранбаяр хүүхдүүдийн хоорондын дарамт, доромжлол цахим орчинд улам бүр газар авч буйг онцлон, хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаагаа мэдэгдэж байсан.
Тэгвэл уг санаачилга бодит ажил болж, П.Наранбаяр нарын гишүүд "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай" хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахын тулд насны ангилал тогтоох, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдэд шинэ үүрэг хүлээлгэх, төрийн байгууллагуудын хяналтын тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна.

- 13 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД НИЙГМИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХГҮЙ-
Хуулийн төсөлд тусгаснаар 13 нас хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглуулахгүй бол 13-16 насны хүүхдүүд тусгай хамгаалалтын горимоор ашиглах юм. Ингэхдээ хэрэглэгчийн насыг технологийн аргаар баталгаажуулах юм. Мөн энэ насны хүүхдийн бүртгэлд дараах хамгаалалтын арга хэмжээг заавал хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Эцэг эх хүүхдийн хэрэглээнд хяналт тавих боломжтой байх;
- Хувийн мэдээлэл, байршлыг анхдагчаар хамгаалах;
- Хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмыг хязгаарлах;
- Танихгүй хэрэглэгчээс зурвас хүлээн авахыг хаах;
- Хортой агуулгыг мэдээлэх, хаах боломж бүрдүүлэх;
- Нас, сэтгэхүйн хөгжилд тохирсон бусад хамгаалалтын технологи хэрэгжүүлэх
- ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДИЙНХЭЭ ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНД ТОГТМОЛ ХЯНАЛТ ТАВЬЖ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ КОМПАНИУДАД ШИНЭ ШААРДЛАГА ТАВИНА -
Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн хүүхдийн хэрэглээг хязгаарлахаас гадна, эцэг эх, боловсролын байгууллага, нийгмийн сүлжээний компаниудад ч тодорхой үүрэг хүлээлгэнэ. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн цахим хэрэглээг хянах, цахим орчны эрсдэлийн талаар мэдлэгтэй байх, хүүхдэд аюулгүй хэрэглээний зөвлөгөө өгөх, контентын шүүлтүүр болон эцэг эхийн хяналтын программ ашиглах, хүүхдийн эрх зөрчигдвөл эрх бүхий байгууллагад мэдээлэх зэрэг үүрэгтэй болно. Харин сургуулиудын хувьд сурагчдад цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт зохион байгуулахаас гадна сурагчтай холбоотой мэдээлэл, даалгаврыг зөвхөн зориулалтын программ хангамжаар дамжуулах бөгөөд Facebook, Messenger зэрэг нийгмийн сүлжээг албан харилцаанд ашиглахыг хориглох аж.
.jpg)
Түүнчлэн Facebook, TikTok, Instagram зэрэг үйлчилгээ үзүүлэгчид:
- 13 хүртэлх насны хүүхэд бүртгэхгүй байх;
- 13-16 насны хэрэглэгчийн насыг баталгаажуулах;
- Хориотой агуулгыг найман цагийн дотор устгах;
- Хүүхдэд хортой агуулгыг 72 цагийн дотор хязгаарлах;
- AI ашиглан бүтээсэн контентод тэмдэглэгээ байршуулах;
- Монгол Улсад албан ёсны төлөөлөгчтэй байх;
- Хүүхэд хамгааллын тайлангаа жил бүр хүргүүлэх үүрэгтэй болно
.jpg)
- ЗӨРЧИЛ ГАРГАСАН ПЛАТФОРМЫГ ХААХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА -
Хуулийн төсөлд Харилцаа холбооны зохицуулах хороо нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэх эрхтэй байхаар тусгажээ. Хэрэв хүүхдийн аюулгүй байдалд өндөр эрсдэлтэй гэж тогтоогдвол тухайн платформд шаардлага хүргүүлж, 90 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах боломж олгох юм. Энэ хугацаанд нь шаардлага биелүүлэхгүй бол Монгол Улсаас тухайн нийгмийн сүлжээнд хандах хандалтыг үе шаттайгаар хаах хүртэл арга хэмжээ авах аж. Түүнчлэн нас баталгаажуулах тогтолцоонд харилцаа холбооны операторууд оролцож, 16-аас доош насны хэрэглэгчийн мэдээллийг эцэг эхийн мэдээлэлтэй нь баталгаажуулах зохицуулалт тусгажээ.