Төрийн тахилгат Хөвсгөл далайн төрийн их тахилга өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Тус тахилгад оролцсон иргэдийн анхаарлыг тахилгын үеэр Хөвсгөл нуурын мандалд өтгөн цагаан манан бууж, Зүчи хайрханы оргилыг бүрхсэн, мөн нуурын хойд зүгт солонго татсан байгалийн үзэгдэл татжээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хөвсгөл далайн тахилгын үеэр лусын буулт болж, Лхамдүнжонма сахиус мориллоо” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Төрийн тахилгат Хөвсгөл далайн тахилга ёслол төгөлдөр өрнөх мөчид Далай ээжийн мэлмий мэт тунгалаг мандал дээгүүр өтгөн цагаан манан хөшиглөн нүүж, сүрлэг Зүчи хайрханы оргилыг ариун цагаан хадаг адил эрхлэн ороов.
Үүний зэрэгцээ Хөвсгөл нуурын мандлын дунд орших Модонхүй арлыг бурхны дүрсийг санагдуулам үүл бүрхэн, далайн мандалд хойд зүгт солонго татсан нь байгаль дэлхий өөрөө тахилгын ёслолд ивээлээ хайрлаж буй мэт дүр төрхийг бүрдүүлэв. Монголчууд эртнээс нуурын мандалд манан бууж, хайрхны орой цагаан униарт умбахыг эзэн лус, савдаг тахилгыг соёрхон хүлээн авсны бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай.
Иймээс энэ удаагийн төрийн тахилгын үеэр үзэгдсэн байгалийн энэхүү ховор үзэгдлийг нутгийн зон олон Хөвсгөл далайн эзэн Лхамдүнжонма сахиус үүлсийг хөлөглөн морилж, ариун дагшин тахилгыг ивээн соёрхлоо хэмээн ихэд бэлгэшээж, сүсэглэн биширэв. Тэнгэр, ус, уул гурвын учрал болсон энэ агшин нь өвөг дээдсийн байгаль шүтэх уламжлал, Хөвсгөл далайн ариун дагшин шүтээн, монголчуудын сүсэг бишрэлийн мөн чанарыг нэгэн дор илэрхийлсэн, олон хүний сэтгэлд үүрд хоногших гэгээн дурсамж болон мөнхөрлөө” хэмээжээ.


