Д.Трамп: Ирантай шинэ хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлэх санал тавилаа

Д.Трамп: Ирантай шинэ хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлэх санал тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай шинэ хэлэлцээрийг өнөөдөр /2026.08.03/-т эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Энэ нь түүний өмнө нь Ираны эсрэг "асар том" цэргийн цохилт өгөх боломжтой хэмээн анхааруулж байсан байр сууриа зөөлрүүлсний дараах мэдэгдэл болж байна.

Д.Трамп өчигдөр /2026.08.02/ Air Force One онгоцонд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ, "Тэд ямар хэмжээний цохилт болохыг мэдэж байсан. Учир нь бид бэлтгэлээ базааж байгааг харж байсан. Харин одоо бид тэдэнтэй хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Хэлэлцээ маргааш үдээс хойш эхэлнэ" гэжээ.

Мөн тэрээр өөрийн Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, "Иран болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд хэлэлцээний үндсэн хүрээний талаар ойлголцолд хүрсэн тул цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоох боломж бүрдсэн гэж онцолсон байна."

Д.Трампын мэдэгдэлд Ираны эрх баригчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй байна. Харин Ираны хагас албан ёсны Mehr агентлаг АНУ-аас цэргийн ажиллагаагаа хойшлуулах хүсэлт тавьсан гэх мэдээллийг үгүйсгэж, Д.Трампын мэдэгдлийг "шинэ худал мэдээлэл" хэмээн тодорхойлжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр Ормузын хоолойн асуудлаарх хэлэлцээ Омантай эцсийн шатандаа явж байгааг мэдэгдсэн талаар Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна.

Air Force One онгоцонд өгсөн ярилцлагынхаа үеэр Д.Трамп хэлэлцээ хэр удаан үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч, "Бид шаардлагатай үед шууд арга хэмжээ авахад бэлэн. Гэхдээ би хүмүүсийг алахыг хүсэхгүй байна" хэмээн хэлжээ. Тэрээр мөн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман, АНЭУ болон Катар зэрэг бүс нутгийн түншүүд амралтын өдрүүдэд цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн гэж мэдэгдсэн байна.

Д.Трампын хэлснээр, "Бид ажиллагаа явуулах бүрэн бэлтгэлтэй байсан. Гэхдээ тэд хэлэлцээрт хүрэх боломж бий гэж үзсэн учраас ийм хүсэлт тавьсан" гэжээ.

Тэрээр Ормузын хоолойн асуудалд ойлголцолд хүрсэн бөгөөд цөмийн асуудлаар ч тохиролцох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин Д.Трампын мэдэгдлийн дараа дэлхийн газрын тосны зах зээлд үнэ буурсан байна. Тодруулбал, Брент маркийн газрын тосны үнэ 4.5 хувиар буурч, нэг баррель нь 83.98 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын WTI төрлийн газрын тос 4.6 хувиар буурч, 80.74 ам.доллар болжээ.

Сонирхуулахад, уг мөргөлдөөн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор дамжих газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт доголдож болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас эрчим хүчний зах зээл огцом хэлбэлзэж байгаа юм. Дэлхийн газрын тос болон байгалийн хий ойролцоогоор 20 хувь нь энэ хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.

Тэгвэл Д,Трамп өнөөдөр эхлэхээр төлөвлөсөн хэлэлцээ хаана болох, ямар төлөөлөгчид оролцох талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин тэрээр өмнө нь төлөвлөж байсан цэргийн ажиллагааг "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хэмжээний цохилт" болох байсан гэж тодорхойлсон бөгөөд ийм ажиллагаа хэрэгжсэн бол дипломат гарц бүрэн хаагдах эрсдэлтэй байсныг онцолжээ.

Мөн Ираны эрчим хүчний дэд бүтцийг онилох эсэх талаар асуултад хариулахаас татгалзсан байна. Олон улсын эрх зүйн зарим шинжээч ийм төрлийн халдлагыг дайны гэмт хэрэгт тооцох боломжтой гэж үздэг.

Д.Трамп өмнө нь Иранд хэд хэдэн удаа хатуу анхааруулга өгч байсан. Бямба гараг /2026.08.01/-т Truth Social-д нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй хэмжээний цэргийн хүчээр" Ираны эсрэг ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж бичсэн юм. Гэвч тэрээр дараа нь уг ажиллагааг зогсоох боломжийг "дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон цэцэглэн хөгжсөн Ираны ирээдүйн төлөө" гэж тайлбарласан байна.

Мөн дөрөвдүгээр сарын 7-нд Д.Трамп Иран энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзвал "үр дагавар нь маш ноцтой байна" хэмээн анхааруулж, иргэний дэд бүтэц, эрчим хүчний байгууламжуудыг онилох талаар хүртэл мэдэгдэж байсан юм. 

Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаа Ирантай холбоотой мөргөлдөөн болон түүний эдийн засгийн үр дагаврын улмаас дотооддоо өсөн нэмэгдэж буй шүүмжлэлтэй нүүр тулж байгаа аж.  Тодруулбал, сүүлийн үеийн санал асуулгуудаар Америкчуудын дунд, тэр дундаа Бүгд Найрамдах намын дэмжигчдийн дунд ч дайны бодлогыг дэмжих хандлага буурч байгааг харуулжээ. Энэ нь ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө Бүгд Найрамдах намын стратегичдын санааг зовоож буй гол асуудлын нэг болоод байгаа аж. 

Эх сурвалж: BBC