Г.Дамдинням: Өнөө шөнөөс шатахууныг тэгш, сондгой дугаараар олгож, нэг удаад 50 мянган төгрөгөөр хязгаарлана

Г.Дамдинням: Өнөө шөнөөс шатахууныг тэгш, сондгой дугаараар олгож, нэг удаад 50 мянган төгрөгөөр хязгаарлана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Юуны ийм нөхцөл байдалд хүргэсэндээ хүлцэл өчье. Шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлээр бид дэлхийн боломжит бүх улстай хэлэлцээ хийж байна. Казахстан улстай ярилцсан боловч нийлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай хэлэлцээ үргэлжилж байна. Мөн БНСУ-тай улс төрийн түвшинд тохиролцож, сар бүр 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болсон.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар шатахууны 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлж ирсэн ч бодитоор хэрэгжүүлж чадаагүй. Би 2025 оны зургаадугаар сард сайдаар томилогдоход ийм хэмжээний нөөцийн сав, агуулах байгаагүй. Манай Засгийн газар тусгайлсан шатахууны тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсний үндсэн дээр энэ оны зургаадугаар сараас нийт 22 шатахуун нөөцлөх сав, агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийт 300 мянган тонн багтаамжтай агуулах барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 150 мянган тоннын багтаамжтай савыг энэ онд ашиглалтад оруулна. Ингэснээр 2026 онд 15 хоногийн нэмэлт нөөц бүрдүүлэх боломжтой болно. 2027 онд дахин нэг сарын, 2028 онд нэмэлт гурван сарын нөөцийн хүчин чадалтай болж, нийтдээ зургаан сарын хэрэглээг хангах хэмжээний шатахуун нөөцлөх боломж бүрдэнэ. Ингэснээр гадаад зах зээлд ямар нэгэн хүндрэл үүссэн ч дотоодын нийлүүлэлт тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч байгаагүй. Иймд нөөцөө зөв зохистой хуваарилахын тулд өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод автомашинд шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлаж, саванд шатахуун олгохгүй. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлхий нийтийн нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандаж байгаа иргэддээ талархал илэрхийлье. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Намайг салбарын сайдаар ажиллаж эхлэхэд төслийн гүйцэтгэл 20 хувьтай байсан бол өнөөдөр 50 хувьд хүрсэн. Хууль эрх зүйн орчныг шинэчилж, бүтээн байгуулалтыг гурван ээлжээр, 24 цагаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэлээ.