Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсийн Гёнсаннам мужийн Янсан хотод өнөөдөр агаарын температур 42.5 хэм хүрч, тус улсад орчин үеийн цаг уурын ажиглалт эхэлсэн 1904 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгджээ.
Тодруулбал, 13:16 цагт агаарын температур 42 хэмд хүрсэн бол ердөө 10 минутын дараа буюу 13:26 цагт 42.5 хэм болж өссөнийг Солонгосын Цаг уурын газар (KMA) мэдээлсэн байна. Янсан хотод агаарын температур 40 хэмээс дээш тав дахь өдрөө дараалан үргэлжилж байгаа бөгөөд халуун өдөр ирэх тусам эрчимжиж, ойрын өдрүүдэд 43 хэмийг давж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Мөн Сөүлээс зүүн өмнөд зүгт орших Гёнжү хотод өнөөдөр 40.3 хэм хүрсэн нь энэ онд анх удаа 40 хэмийг давсан тохиолдол болж, 2018 оноос хойших хамгийн өндөр температур болсон байна. Хэт халалтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр 13:00 цагаас гамшгийн хариу арга хэмжээний төвийн хоёрдугаар түвшний онцгой байдлын бэлэн байдал зарлажээ. Энэ нь 2023 оноос хойш анх удаа ийм түвшний бэлэн байдал зарлаж буй тохиолдол юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадаа гарахгүй байх, халуунаас хамгаалах зөвлөмжийг мөрдөхийг уриалсан байна. Мөн Ерөнхий сайд Хан Сон Сүк өндөр настан, хүүхэд зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, цахилгаан болон усан хангамжийг тасалдуулахгүй байх чиглэл өгчээ. Албан ёсны мэдээллээр, тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 31-ний хооронд халууны улмаас 1,781 хүн эмнэлгийн тусламж авсан бол 13 хүн амиа алджээ.
Эх сурвалж: Yonhap