ВИДЕО: Украины дрон хөл хөдөлгөөн ихтэй далайн эрэг рүү дайрч долоон хүн амиа алдаж, 40 хүн шархадсан гэж Оросын тал мэдэгджээ

ВИДЕО: Украины дрон хөл хөдөлгөөн ихтэй далайн эрэг рүү дайрч долоон хүн амиа алдаж, 40 хүн шархадсан гэж Оросын тал мэдэгджээ

Оросын өмнөд хэсгийн Хар тэнгисийн эрэгт байрлах амралтын бүсэд Украины нисгэгчгүй онгоц буюу дрон унасны улмаас долоон хүн, түүний дотор гурван хүүхэд амиа алдаж, 40 хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

ВИДЕО: 

Олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгт дрон далайн эрэгт нисэн ирж, улмаар далайн эрэг орчимд хүчтэй дэлбэрч буй нь харагдах аж. Тухайн үед олон хүн эрэг дээр болон далайд амарч байжээ. Оросын Краснодарын хязгаарын захирагч В.Кондратьевын мэдээлснээр шархадсан 40 хүний 17 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний заримын биеийн байдал хүнд байгаа аж. Мөн тэрээр Украиныг "энгийн иргэдийг санаатайгаар онилсон" хэмээн буруутгасан бол Украин энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

Харин дрон яг ямар байг онилж байсан нь одоогоор тодорхойгүй байна. Украины зарим Telegram сувгуудад дроны удирдлагын дохио Оросын цахим дайны системд саатсаны улмаас чиглэлээ алдаж, далайн эрэг дээр унасан байж болзошгүй гэж мэдээлжээ.

Харин Оросын хэвлэлүүд хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлгээс иш татан, дэлбэрэлт болохын өмнө олон удаагийн буун дуу сонсогдсон бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах хүчин дроныг устгахыг оролдсон байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Уг дэлбэрэлт Краснодарын хязгаар дахь Хар тэнгисийн эрэг дагуух Архипо-Осиповка тосгоны ойролцоо болсон байна. Дулаан уур амьсгал, урт элсэрхэг эрэг, аялал жуулчлалын дэд бүтцээрээ алдартай тус бүс нь сүүлийн жилүүдэд гадаад аялал хязгаарлагдсантай холбоотойгоор ОХУ-ын иргэдийн хамгийн их зорьдог амралтын газруудын нэг болсон ажээ.

Орон нутгийн иргэд болон жуулчдын ярьснаар халдлага болохоос өмнө агаарын түгшүүрийн дохио огт дуугараагүй байна. Энэ талаар нэгэн амрагч "Бид нарны сандлынхаа ард нуугдсан. Дэлбэрэлт яг хаана болсон нь харагдаагүй" хэмээн ярьжээ. Харин өөр нэг гэрч "Эхлээд пулемётын буун дуу шиг чимээ сонсогдсон. Үүний дараа хүчтэй дэлбэрэлт болсон" гэж мэдүүлсэн байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Украин Оросын гүн дэх бай руу алсын зайн дроны цохилт хийх ажиллагаагаа эрчимжүүлж, эрчим хүчний дэд бүтэц болон цэргийн зориулалтаар ашиглаж буй гэж үздэг агуулахуудыг онилсоор байна. Эдгээр халдлагын улмаас хэд хэдэн удаа энгийн иргэд амь үрэгдэж байсан бөгөөд зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын өөр өөр бүс нутагт найман хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Үүний зэрэгцээ Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Украины хот, суурин, орон сууцны хорооллуудад тогтмол пуужин, дроны цохилт өгсөөр байгаа бөгөөд үүний улмаас олон мянган энгийн иргэн амь үрэгдэж, шархадсан юм.

Өнгөрөгч Бямба гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын пуужингийн цохилтын улмаас дор хаяж есөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Кривий Рих хотод болсон пуужингийн цохилтын улмаас нэг гэр бүлийн 10 хүн амиа алдсан талаар Украины тал мэдээлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Украины дроны довтолгоо Оросын хамгийн том цахим худалдааны платформуудын нэг болох Wildberries компанийн агуулахуудыг онилсон. Украины мэдээлснээр эдгээр агуулахыг Оросын армийн хангалтад ашигладаг бол Москва энэ мэдээллийг эрс үгүйсгэдэг байна. 

Эх сурвалж: BBC