Монголчуудыг $20 мянган ам.долларын визний бондтой болгосон асуудалд Элчин сайд Ө.Батбаяр хариуцлага хүлээх үү

Монголчуудыг $20 мянган ам.долларын визний бондтой болгосон асуудалд Элчин сайд Ө.Батбаяр хариуцлага хүлээх үү

АНУ бизнесийн болон жуулчны В1/В2 виз мэдүүлэгчдээс 20 мянган ам.доллар хүртэлх визний бонд шаардах журмаа байнгын бодлого болгож, нийт 50 орны иргэдийг хамруулаад байна. Энэ жагсаалтад Монгол Улс ч багтаад байна. Шинэ журам нь өмнөх туршилтын хөтөлбөрөөс өргөжиж, хамгийн дээд бондын хэмжээг 15 мянган ам.доллараас 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. 

Энэ нь Монгол Улсын хувьд зүгээр нэг консулын журам биш. Харин олон улсын тавцанд манай улсын визний эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд хүрснийг харуулсан дохио юм.

АНУ-ын визний бондын жагсаалтад:

  • Монгол
  • Бангладеш
  • Камбож
  • Этиоп
  • Нигери
  • Уганда
  • Танзани
  • Замби
  • Зимбабве
  • Мозамбик
  • Папуа Шинэ Гвиней
  • Никарагуа
  • Тунис
  • Гүрж
  • Киргиз
  • Тажикистан

зэрэг нийт 50 улс орсон байна. Тэгвэл эдгээр улсын ихэнх нь Африкийн орнууд бөгөөд үлдсэн хэсэг нь Ази, Карибын тэнгисийн болон Латин Америкийн цөөн хэдэн улс багтсан байна. АНУ-ын Төрийн департаментын тайлбар ёсоор визний бонд нь дараах эрсдэлийг бууруулах зорилготой гэж тайлбарладаг. Тухайлбал, визний хугацаа хэтрүүлэн үлдэх өндөр хувь, цагаачлалын хууль зөрчих эрсдэл, иргэнээ буцаан авах хамтын ажиллагааны асуудал, хил, аюулгүй байдлын шалгалтын эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн улс орнууд гэдэг.

Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийн тодорхой хувь нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн үлддэг бол консулын ажилтан тухайн хүнээс хэдэн мянган ам.долларын бонд байршуулахыг шаардах эрхтэй болж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын визний бонд хөтөлбөрт Монгол Улс яагаад багтах болов гэдэг нь олон асуултыг дагуулж байгаа юм. Учир нь манай улс терроризмын өндөр эрсдэлтэй орон биш. Харин АНУ-тай дипломат харилцаа сайн, “гуравдагч хөрш”-ийн бодлого ярьдаг. Гэтэл өнөөдөр Монголыг Африкийн хамгийн өндөр эрсдэлтэй олон улсын хамтаар нэг жагсаалтад оруулаад байна. 

Хэрэв шалтгаан нь АНУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд визний хугацаа хэтрүүлэн үлддэг хувь өндөо бол Монголын төр өмнө нь энэ асуудлыг судалж, америк талтай хамтарсан шийдэл эрэлхийлж байсан уу, АНУ-ын тал Монгол Улсын Засгийн газарт анхааруулга өгч байсан уу гэдэгт өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар бараг гарсангүй.

Учир нь ийм хэмжээний шийдвэр нэг өдрийн дотор гардаггүй. 2025 онд туршилтын хөтөлбөр эхэлснээс хойш үе шаттайгаар олон улс нэмэгдэж байгаа юм. Харин энэ онд Монгол Улсыг визний бонд шаардах журамдаа АНУ оруулсан. 

Иймээс АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр энэ асуудлаар Вашингтонд ямар ажил хийж байна, Монгол Улсыг жагсаалтаас гаргах дипломат хэлэлцээ өрнүүлсэн үү, АНУ-ын Төрийн департаменттай хэдэн удаа уулзсан бэ, Монголын иргэдийн визний хугацаа хэтрүүлдэг статистикийг бууруулах талаар ямар санал тавьсан бэ зэрэг олон асуултад өнөөдөр тодорхой хариулт байхгүй байна. 

Харин сүүлийн үед энэхүү асуудалтай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын үйл ажиллагааг шүүмжлэх иргэд цөөнгүй гарах болсон байна. Учир нь АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр энэхүү шийдвэрийг зөөлрүүлэх, Монголыг жагсаалтаас гаргахын төлөө хангалттай түвшний дипломат ажиллагаа явуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.  Учир нь 20 мянган ам.долларын визний бонд гэдэг нь зөвхөн мөнгөний асуудал биш. Энэ нь Монгол Улсын дипломат ажиллагаа, хоёр улсын итгэлцлийн түвшний нэг үнэлгээ юм.