УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цахим хуудсаараа дамжуулан яамд бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж, ийм төрлийн арга хэмжээг 10 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулахгүй байхыг уриалжээ.
Тэрбээр “Яамд бүсийн чуулган төлөвлөөд байна. 10.15-ны хүртэл иймэрхүү арга хэмжээг төрд хориглоё. Ер нь элдэв форумаар хөгждөг бол хөгжихөөр л их хийсэн. Иймд цаашид ч эдгээрийг төсвөөс чөлөөлье. Н.Учрал сайд аа” хэмээн бичсэн байна. Гэхдээ одоогоор бүсийн чуулган зохион байгуулах талаар албан ёсны нээлттэй мэдээлэл гараагүй байна.
Бүсийн чуулган нь бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудал, залуучууд, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хэлэлцэх зорилгоор говийн, хангай, зүүн, баруун болон төвийн бүсэд зохион байгуулагддаг. Тухайлбал, Хангайн бүсийн анхдугаар чуулган өнгөрсөн онд Архангай аймагт болсон. Гэвч тус чуулганаар хэлэлцэж, дэвшүүлсэн санал, шийдвэрүүдээс хэд нь бодит ажил болж хэрэгжсэн нь өнөөдөр тодорхой бус байна. Иймд шинэ чуулган зохион байгуулахаас өмнө өмнөх чуулгануудын үр дүн, зарцуулсан төсөв, хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай гэх байр суурь гарч байна.