Япон улсад үргэлжилж буй хэт халалтын улмаас Токиогийн баруун хэсэгт байрлах Тама амьтны хүрээлэнд гурван эмэгчин арслан халууны стрессийн улмаас амиа алдсан талаар амьтны хүрээлэнгийн удирдлага мэдээлжээ.
Тус амьтны хүрээлэнд долоо хоногийн дотор гурван эмэгчин арслан дараалан үхсэн бөгөөд задлан шинжилгээний урьдчилсан дүнгээр 3-15 настай арслангууд шингэн алдалт, олон эрхтний дутагдалд орсон нь хэт халууны нөлөөтэй холбоотой болохыг тогтоожээ. Амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Косака Мива BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, "Ийм зүйл анх удаа тохиолдож байна. Өнгөрсөн жил мөн халуун байсан ч манай арслангууд ийм байдалд хүрч байгаагүй" хэмээн ярьжээ.
Сүүлийн жилүүдэд Японы зуны улирал улам халуун болж, зарим бүс нутагт агаарын температур 40 хэмээс давсан "хэт халуун өдрүүд" удаа дараа бүртгэгдэх болсон байна.
Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, гурван настай эмэгчин арслан Муги долоодугаар сарын 19-нөөс хоолондоо дургүй болж, маргааш нь босож чадахгүй болсон байна. Ажилтнууд түүнийг сэрүүцүүлэхийн тулд агааржуулалт хийж, ус цацан, арьсан доорх шингэн, элэг дэмжих эм, витамин тарьсан ч долоодугаар сарын 28-ны өдөр үхжээ. Үүний дараа 11 настай эмэгчин арслан Ичиго долоодугаар сарын 31-нд, 15 настай Луэна наймдугаар сарын 2-нд тус тус үхсэн байна.
Задлан шинжилгээгээр гурван арслангийн биед хүнд хэлбэрийн шингэн алдалт болон олон эрхтний дутагдал илэрсэн бөгөөд эдгээр нь халууны стресстэй холбоотой байж болзошгүйг харуулжээ. Гэсэн ч үхлийн эцсийн шалтгааныг лабораторийн бүх шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор тогтооно гэж амьтны хүрээлэн мэдэгдсэн байна.
Одоогоор мөн хоёр эрэгчин, нэг эмэгчин арслангийн биеийн байдал тавгүй байгаа бөгөөд ажилтнууд тэдэнд шингэн, эмчилгээ, витамин өгч байгаа аж. Харин дөрвөн арслангийн биеийн байдал сайжирч эхэлсэн бол зургаан арслан эхнээсээ эрүүл байсан гэж мэдээлжээ. Үлдсэн арслангуудыг зөөврийн агааржуулагч болон үйлдвэрийн хүчин чадалтай сэнсээр тоноглосон тусдаа хашаанд байршуулж байгаа аж.
Токиогийн их сургуулийн Мал эмнэлгийн профессор Хидеаки Каракигийн тайлбарласнаар, өндөр температуртай зэрэгцэн агаарын чийгшил их байгаа нь арслангуудын биеийн дулаанаа гадагшлуулах үйл ажиллагааг хүндрүүлдэг байна. Арслангууд хүн шиг хөлрдөггүй бөгөөд гүнзгий амьсгалж, амьсгалын замаар чийгийг ууршуулан биеийн температураа бууруулдаг байна. Гэвч агаарын чийгшил өндөр үед энэ механизм үр дүнгүй болж, биеийн халуун буурахгүй байх эрсдэлтэй ажээ.
Мөн долоодугаар сарын дунд үеэс агаарын температур богино хугацаанд огцом нэмэгдсэн нь амьтдыг халуунд дасан зохицох боломжгүй болгосон байж болзошгүй гэж тэд үзэж байна. Тама амьтны хүрээлэнд 260 орчим зүйлийн амьтан байдаг бөгөөд арслангийн үзэсгэлэн нь 1964 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хамгийн их үзэгч татдаг хэсгүүдийн нэг байжээ. Тус хүрээлэн өнгөрсөн сард хэт халууны улмаас арслангийн үзэсгэлэн болон сафари автобусны үйлчилгээгээ түр хугацаанд зогсоосон байна.
Зөвхөн энэ зуны хугацаанд Япон даяар халуунд цохиулсны улмаас 43 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар халууны сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг сэрүүн орчинд байх, шингэн сайн уух, шаардлагагүй үед гадаа удаан байхгүй байхыг зөвлөжээ. Мөн төрийн байгууллагын ажилтнуудыг халуунд тохирсон, хөнгөн хувцас өмсөхийг уриалсан байна.
Эх сурвалж: BBC