"Нийслэлийн хэмжээнд 139 шатахуун түгээх станцад 1.5 сая тонн шатахуун нийлүүлнэ"

"Нийслэлийн хэмжээнд 139 шатахуун түгээх станцад 1.5 сая тонн шатахуун нийлүүлнэ"

Ашигт малтмал, газрын тосны газар/АМГТГ/-аас өнөөдөр /2026.08.04/ шатахууны нийлүүлэлт, нөөцийн нөхцөл байдлын талаар цаг үеийн нэгдсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт багтсан холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн өдрийн байдлаар 42 вагон АИ-92 автобензин Улаанбаатар, Дархан өртөөнд буусан. Шатахуун түгээлтийг 24 цагийн туршид тасралтгүй хийлээ. Одоо 20 вагон автобензин ирж байна, өнөө орой бүрдүүлэлт хийж бууна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд 139 шатахуун түгээх станцад 1.5 сая тонн шатахуун борлуулахаар байна. Орон нутаг руу нийт 70 шатахуун түгээх станцад 169 тонн автобензин ачигдсан учир түгээлт хэвийн болно гэж харж байгаа. Нийслэлийн хэмжээнд тэгш, сондгойгоор шатахуун олгож байгаа нь нөөц тодорхой хэмжээнд буурсантай холбоотой юм. Нэг талаараа шатахуунд олон автомашин дугаарлах юм бол дараагийн тээврийн хэрэгсэл ШТС-уудад дугаарлах хугацаа 3-4 цагаас илүү байх юм. Энэ нь эргээд иргэдэд хүндрэл учруулах учир тэгш, сондгойгоор тодорхой хугацаанд зохицуулалт хийж байна. ОХУ, БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан. Тиймээс тогтмол нийлүүлэх үйл явц хэвийн үргэлжилнэ. Хангалтыг бүрдүүлэх зорилгоор  гурван улсаас нефть импортолно. Онгоцны түлшний хувьд тодорхой хэмжээнд доголдол үүсэх нөхцөл байдал үүссэн байсан ч маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авсан. Өнөөдрийн байдлаар 1000 тонн нь бууж Улаанбаатар хот руу тээвэрлэж байна. Араас нь 2000 тонн дизель түлш, 2000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон" гэв.