Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүчингүй болгохыг шаардсан цахим өргөдөлд өнөөдрийн байдлаар 17,760 иргэн гарын үсэг зураад байна.
Тодруулбал, иргэн Д.Галсанцэрэн энэ оны долдугаар сарын 14-нд D-Parliament цахим системд "Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулах" өргөдлийг санаачилжээ. УИХ-ын цахим өргөдөл, гомдлын системийн журмын дагуу өргөдлийг хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахын тулд 33 мянган иргэний гарын үсэг цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд 10 хоногийн дараа өргөдлийн хугацаа дуусах аж.
Өргөдөлд "Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна" гэж үзсэн байна. Мөн уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол үүсэх, автомашины үнэ өсөх, улсын дугаарыг дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байгааг дурджээ. Иймд журмын хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн үр нөлөө болон иргэдийн үндсэн эрхэд үзүүлж буй нөлөөллийг дахин нягталж, хүчингүй болгох шаардлагатай хэмээн өргөдөл санаачлагч үзэж байгаа юм.