Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өмнөд Украины нэгэн иргэнийг дрон мөрдөн хөөж дайрч буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, үүнийг Оросын цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлддэг "сафари" халдлагын жишээ хэмээн мэдэгдэв.
ВИДЕО:
Бичлэгт Херсон мужийн гудамжинд ногоо худалдаалж буй эрийг дрон мөрдөн хөөж байгаа нь харагдана. Тэрбээр дээрээс нь нисэж буй дроноос зугтаж, цагаан фургон машиныг тойрон гүйсэн ч эцэст нь дрон түүн рүү шумбан дэлбэрчээ.
Эмчийн мэдээлснээр, уг эр олон тооны хэлтэрхийн шарх, тархи доргилт болон сэтгэл зүйн гэмтэл авсан ч амьд үлдсэн байна.
Алсын удирдлагатай дроныг энгийн иргэдийн эсрэг ашиглах ийм төрлийн халдлагыг "хүний сафари" гэж нэрлэх нь бий. Украины фронтын шугамд ойр амьдардаг иргэдийг айлган сүрдүүлэх зорилгоор Оросын тал ийм аргыг удаа дараа хэрэглэдэг хэмээн Украины тал мэдэгддэг билээ.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский сошиал хуудсандаа "Дэлхий нийт үүнийг харах ёстой. Орос ямар хэмжээнд солиорсныг, мөн Оросын цэргүүд хүн алах, хүмүүсийг тарчлаахдаа хэрхэн таашаал авч байгааг нотлох бүх баримтыг харах ёстой" хэмээжээ.
Дроны халдлагад өртсөн 52 настай ногооны худалдаачин Юрий хэлэхдээ, эхнэрийн хамт фургоныхоо дэргэд хүнсний ногоогоо дэлгэж байх үед дээрээс дрон дүнгэнэх чимээ сонсогдсон байна. Үүний дараа эхнэр нь зугтсан бөгөөд дрон өөрийг нь мөрдөн хөөсөн аж. Тухайн үед өөрийгөө зураг авч байгаа биш гэдгээ харуулахын тулд дрон руу сармис өргөж үзүүлсэн гэдгээ ч тэр хэллээ. "Улаан лооль, өргөст хэмх, хашаа газар өрчихсөн байгааг тэр харж байсан. Намайг шүхрийн нөгөө талаар гүйж байхад хүртэл араас орж ирсэн" хэмээн Юрий ярьжээ.
Эх сурвалж: BBC