"Дуудсан цагт нь морио эмээллээд очно" гээд байсан Х.Нямбаатар өчигдөр Сөүлээс эх орондоо иржээ

"Дуудсан цагт нь морио эмээллээд очно" гээд байсан Х.Нямбаатар өчигдөр Сөүлээс эх орондоо иржээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Т.Даваадалай болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, шалгалтын явцад Т.Даваадалай нь 5.2 тэрбум төгрөгийн хахууль авч, 16.9 тэрбум төгрөгийн ажилд хууль бусаар давуу байдал олгосон нь тогтоогдсон гэх мэдээлэл гарч байгаа юм. Түүнтэй хамт төрсөн дүү Т.Мөнхдалай, эхнэр Б.Анхтуяа, Б.Анхтуяагийн үеэл дүү Н.Билгүүн нар ч мөн шалгагдаж байгаа юм.

Тэгвэл Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хэргийг прокурорт хүргүүлэхтэй зэрэгцэн Хотын дарга асан Х.Нямбаатар өчигдөр /2026.08.04/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн гэдгийг баттай эх сурвалж бидэнд мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал энэ оны тавдугаар сарын 16-нд өөрийн бүрэн эрхийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүнээс хойш Х.Нямбаатар олон нийтийн өмнө төдийлөн харагдаагүй. Тухайлбал, 2026 оны зургаадугаар сарын 15-16-ны өдөр болсон нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаарх ерөнхий хяналтын сонсголд түүнийг оролцож, өөрийн эхлүүлсэн мега төслүүдээ хамгаалж, төсвийн зарцуулалтаа тайлагнана гэсэн хүлээлт олон нийт, хэвлэл мэдээллийн салбарт байсан ч тэр ирээгүй.

Энэ талаар Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл Л.Ану-Үжин “Хотын төсвийн сонсгол болж байхад Х.Нямбаатар Японд байна. Японд байгаа монголчууд Токиогийн 70 давхрын ресторанд хооллож байгаа бичлэгийг над руу явуулсан. Х.Нямбаатар нэг их наяд төгрөгийг ТЭЗҮ нэрээр цаас болгочихоод Японд хоол идээд явж байна гэдэг бол доромжлол” гэж байсан юм.

Тэгвэл Х.Нямбаатар хотын даргын албан тушаалаасаа буусан даруй гадаад улсыг зорьсон гэдэг бөгөөд долоодугаар сарын 3-ны өдөр Канад улсын Ванкувер хотын “BC Place” цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт үзэж буй түүний гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм.  Энэ нь Х.Нямбаатар Япон улсад байж байгаад Канад улсыг зорьсон нь ил болсон юм.

Товчхондоо, өнгөрсөн гурван сарын хугацаанд Х.Нямбаатарын удирдаж байсан нийслэлийн багийн албан тушаалтнуудын зарим нь шалгагдаж, Т.Даваадалайгийн хэрэг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргэгдээд байхад Х.Нямбаатар хэд хэдэн улсаар зорчиж яваад ийнхүү өчигдөр эх орондоо ирсэн байна.

Хотын дарга асан Х.Нямбаатар өмнө нь “Дуудсан цагт нь морио эмээллээд очно” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр Х.Нямбаатарыг эх орондоо ирсэн даруй түүний Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байх хаусын орчинд олон хүн, автомашин цуглаж, хөл хөдөлгөөн ихтэй байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.