Монголчууд бид хурдан морь, хүчит бөхөө юу юунаас илүү эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Үүнийг тэр жилийн ярианы сэдэв нь төрийн наадамд шөвгөрсөн бөхчүүд байдгаас, түрүүлж ирсэн азарганы дууг найр дамжин дуулж суудгаас нь төвөггүй мэдэж болох билээ.
Тэгвэл сайны хажуугаар саар гэдгийн адилаар зарим УИХ-ын гишүүн ард түмний энэ их хүндэтгэлд дөрөөлөн "олны анхаарлын төвд орох" башир арга хэрэглэж буй нь ч мөн бий. Үүний жишээ нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг болж байна. Тэрбээр улсын их баяр наадмаас өмнө тэгш ойн жил 1024 бөх барилдуулах хуулийн төслийг барьж гүйн олны анхааралд бишгүй өртөж, бөх сонирхогч олныг талцуулж, тэр ч байтугай "цолгүй өнжсөн" бөхчүүдийг нэг баярлуулж, нэг гомдоож явсан билээ.
Үүнээс хойш наадам болдгоороо болж, ард түмэн П.Сайнзоригийг мартах шахсан энэ үед тэр дахиад л бөхийн тухай ярьж өөрийгөө байгааг санууллаа. Тодруулбал, тэрбээр цахим хуудсаараа дамжуулан бөхийн барилдааны цол, давааны төлбөртэй тохиролцоо буюу 'найраа'-г "спортын авлига" хэмээн тодорхойлоод, үндэсний өв соёлоо хамгаалж, мөн чанарыг нь алдагдуулахгүй байх үүднээс улсын начин, улсын харцага, улсын заан цолны /аймаг, сумын цолыг мөн адил/ болзол хангасан бөхчүүд гурван, магадгүй таван жилийн дотор цолоо баталж, ахиулж чадахгүй бол хураадаг, харин цолоо баталсан тохиолдолд насан туршид нь хадгалдаг байх санал дэвшүүлсэн байна. Гэхдээ улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж олгодог билээ.