Оросын дроны халдлагад өртсөн ногоо худалдаалж байсан жирийн иргэн амьд үлджээ

Оросын дроны халдлагад өртсөн ногоо худалдаалж байсан жирийн иргэн амьд үлджээ

ОХУ-ын дроны халдлагын үеэр ногоо зарж байхдаа онилогдсон Украины Херсон хотын иргэн амьд үлдсэн талаар Украины тал мэдээллээ.

Олон нийтийн сүлжээнд түгсэн бичлэгт Херсон хотын гудамжинд ногоо худалдаалж байсан эрэгтэйн ойролцоо Оросын дрон дэлбэрч буй нь дүрс бичлэгт үлдсэн бөгөөд уг бичлэг олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл дагуулаад байсан юм. Анхны мэдээллүүдээр түүнийг амиа алдсан байж болзошгүй гэх таамаг гарч байсан ч Херсон мужийн захирагч Александр Прокудин хожим мэдэгдэхдээ, халдлагад өртсөн эрэгтэй амьд үлдсэн бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гэжээ.

Дэлбэрэлтийн улмаас олон тооны шарх авсан 52 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа ч эмч нарын хяналтад эмчилгээ үргэлжилж буй аж.

Сүүлийн саруудад Херсон хот болон Днепр мөрний баруун эргийн суурингууд Оросын дроны давтамжтай халдлагад өртөх болсон бөгөөд энгийн иргэдийг онилсон гэх ийм төрлийн халдлагыг Украины тал "хүмүүсийг агнасан дроны террор" хэмээн буруутгаж байна.