Мягмар гарагийн орой Мексикийн алдартай инфлүнсерүүдийн нэг Сезар Гателум сошиал сүлжээнд шууд дамжуулалт хийж байхдаа буудуулж амь насаа алджээ.
Тэрбээр Кулиакан хотын хойд дүүрэгт оршдог түргэн хоолны рестораны гадна хоёр найзын хамт ТикТок сүлжээнд шууд дамжуулалт хийж байх үед мотоциклтэй хоёр эр ойрын зайнаас буудаад зугтсан байна. Энэ нь Мексикт сошиал сүлжээгээр олны танил болсон хүн амиа алдсан анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн онд 23 настай Валериа Маркес гоо сайхны салонд бас ТикТок сүлжээгээр дүрс дамжуулж байхдаа буудуулан амь насаа алдаж байсан байна. Харин Гастелум ямар шалтгаанаар хэнд буудуулсан нь тодорхой болоогүй байгаа бөгөөд мөрдлөг үргэлжилж байгааг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.