Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулан энэ сарын 8-нд зохион байгуулахаар төлөвлөсөн баяр наадмын арга хэмжээг цуцалжээ.
Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг үндэслэн уг арга хэмжээг зохион байгуулахгүй болсныг мэдээлсэн байна.
Засгийн газраас дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горим мөрдөх шийдвэр гаргаж, хууль болон олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулахыг түр зогсоосон юм. Үүний дагуу наймдугаар сарын 8-нд “Хөлийн гол”-ын тохойд зохион байгуулахаар төлөвлөж байсан Төмөр замчдын баяр наадмыг албан ёсоор цуцалжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс төмөр замын тээврийн салбарын ахмад ажилтан болон нийт төмөр замчдыг Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн ойлгож, дэмжин хүлээн авахыг уриалсан байна.
