Үндэсний баяр наадмын тухай хуульд "Улсын баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх болон аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх, Улсын баяр наадмын үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага бөхчүүд болон харваачдаас допингийн шинжилгээ авч, улмаар сорьцуудыг АТГ, Тагнуул, ЦЕГ-ын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор тээвэрлэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д хүлээлгэн өгсөн талаараа мэдээлж байсан.
Мөн аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг ирүүлсэн бөгөөд хэн, хэн гэж бөхчүүдээс допинг илэрсэн талаарх мэдээллийг хүргэж буй. Харин Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд болон харваачдаас допинг илэрсэн эсэх талаарх мэдээллийг одоогоор албан ёсоор өгөөгүй байгаа юм. Харин Үндэсний баяр наадмаар эхний наймд шалгарсан харваачаас допинг илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Үндэсний баяр наадмын Үндэсний сурын харваанд эхний наймд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын мэргэн Ч.Гандаваагаас допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин тэрбээр В сорьцын шинжилгээгээ өгсөн талаарх мэдээлэл одоогоор алга байна.
Монгол Улсын мэргэн Ч.Гандаваагаас ийнхүү допингийн төрлийн бодис илэрсэн байхад тэрбээр Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг "Монголын Үндэсний Спортын VIII наадам"-д оролцож, дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртжээ.

Ташрамд өгүүлэхэд, тэрбээр өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 40 сумнаас 38 онож түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэж байсан нэгэн юм. Харин энэ жилийн баяр наадмаар 33 оноогоор шилдэг наймд шалгарсан байна.