Өмгөөлөгч Б.Мэргэн: Таван сая доллароор зарсан уурхайгаа 5000 төгрөгөөр буцаан авч, бусдыг залилсан Ө.Ганзоригийн өмгөөлөгч ёс зүйгүйгээр бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараалаа

Өмгөөлөгч Б.Мэргэн: Таван сая доллароор зарсан уурхайгаа 5000 төгрөгөөр буцаан авч, бусдыг залилсан Ө.Ганзоригийн өмгөөлөгч ёс зүйгүйгээр бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараалаа

Хамтран ажиллах нэрээр бусдыг дээрэмдэж, "Хөрөнгөлөг хурандаа" нараар халхавчлан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулдаг гэх асуудлаар өмгөөлөгч Б.Оюунбилэг олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тэгвэл бид уг асуудалтай холбоотойгоор өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Өчигдөр өмгөөлөгч Б.Оюунбилэг нэр бүхий хүмүүс болон компанийн нэрийг дурдаж хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор та үйлчлүүлэгч Г.Ариунболдын талаарх мэдээллийг өгөөч.

-Б.Оюунбилэг өмгөөлөгч, “Б.Чинбат гэх хүн нь бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулаад, явц дундаа гэрээндээ өөрчлөлт оруулж, хууль хяналтын байгууллагыг ашиглан тухайн хүнээ гэмт хэрэгт холбогдуулан бизнесээсээ гарган бизнесийг нь дээрэмддэг, Б.Чинбат гэх хүн өөрийгөө бол хууль хяналтын байгууллага миний ар талд байдаг гэж ярьдаг” гэсэн агуулагатай хэвлэлийн бага хурал хийсэн. Өмгөөлөгч хүний хувьд өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрмээ харсан ч шалгаж байгаа хэргийн талаар ялангуяа худал мэдээлэл тарааж иргэд, олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Г.Ариунболдыг миний хувьд өмгөөлж байгаа. Гэхдээ Б.Оюунбилэг өмгөөлөгчийн хэвлэлийн бага хурал дээр Г.Ариунболд гэх хүний талаар яриагүй ч гэсэн би Г.Ариунболдын өмгөөлөгчийн хувиар яагаад тодруулга өгч байгаа вэ гэвэл Б.Оюунбилэгийн яриад байгаа гэрээ хэлэлцээрийг хийсэн байгууллага нь Г.Ариунболд гэх захиралтай компани. 2020 онд Г.Ариунболд, Б.Чинбат гэх хоёр хүн Б.Оюунбилэг өмгөөлөгчтэй хамтран ажилсан зүйл байхгүй. Хэвлэлийн бага хурлын үеэр дурдагдаад байгаа Бүрэгхангай суманд Г.Ариунболд 2022 онд нөхөрлөлийн журмаар тодорхой зөвшөөрлийн дагуу жижиг уурхай ажлуулж эхэлсэн байдаг. Гэтэл тухайн уурхайг тойроод илүү том талбайд Ө.Ганзориг гэдэг хүн өөрсдийн компани дээр уул уурхайн ашиглалтын лиценз гаргуулан Г.Ариунболдыг үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэсэн. Ийм учраас Ө.Ганзориг, “Миний лицензийг худалдаж ав, үгүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэдэг шахалт өгсөн. Харин худалдан авах саналаа бол 5 сая доллароор үнэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр нотариатаар орж батлуулан нэг талаас Ө.Ганзориг, нөгөө талаас Г.Ариунболд нарын хооронд гэрээ байгуулагдаж 5 сая доллароор лицензийг нь худалдаж авсан. Лицензээ худалдаж аваад тодорхой хэмжээний зардал гаргаад үйл ажиллагаа явуулж эхлээд зардлаа ч нөхөж амжаагүй байхад хэдхэн сарын дараа хууль бусаар алт олборлож байгаа мэтээр Г.Ариунболд, Б.Чинбат нар дээр хэрэг үүсгэсэн. Экологийн цагдаа болон харьяаллын бус Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас хүч түрэн очиж уурхайг нь битүүмжилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Үүний дараа 5 сая доллароор худалдсан уурхайгаа Ө.Ганзориг буцаан авахыг тулгасан. Ингээд хууль хүчний байгууллагын дарамтад орсны улмаас 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр 5 сая доллароор худалдаж авсан уурхайгаа буцаагаад өгсөн байдаг. Ингэж буцааж авахад нотариатын үйлчилгээний хөлс болох 5 мянган төгрөгийг л төлсөн. Өөрөөр хэлбэл 5 сая доллароор зарсан уурхайгаа таван сарын дараа 5 мянган төгрөгөөр буцаагаад авсан гэсэн үг.

-Г.Ариунболд буцаагаад тус уурхайг Ө.Ганзоригт өгсөн гэж ойлгож болох уу?

-Тийм. Ө.Ганзоригоос 2022 оны тавдугаар сард 5 сая доллароор авсан уурхайгаа зардлаа ч нөхөж амжаагүй байхдаа буцаагаад өгчихөж байгаа юм. Үндсэндээ 5 сая долларыг залилуулсан.

-Энэхүү залилуулсан байж болзошгүй байгаа хүмүүс хууль, хяналтын байгууллагад хандсан болов уу?

-Энэ үйл явдлын дараа 2025 оны намар Ө.Ганзоригийн тус уурхайг Г.Ариунболд түрээсийн гэрээгээр гурван сар орчмын хугацаанд түрээсэлсэн. Түрээсэлж байх хугацаанд олборлосон алтныхаа зохих татварыг төлж Монголбанканд тушаасан. Үүний дараа түрээсийн хугацаа дууссан учир дахиж гэрээгээ сунгаагүй. Гэтэл өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Гэрээний хугацаагаа сунга. Сунгахгүй бол цагдаагийн байгууллагад хандаж шоронд оруулна” хэмээн хэлсэн мэтээр гуйвуулан тайлбарлаж байгаа юм. Өнөөдөр Г.Ариунболдын цагдаагийн байгууллагад хандсан байгаа асуудал нь түрээсийн гэрээгээ сунга гэсэн асуудлаар огт биш. Харин 2022 онд гуравдугаар сард 5 сая доллароор зарсан уурхайгаа эрүүгийн хэрэг үүсгүүлэн шахалтад оруулж, буцаан үнэгүй авсны дараа эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Иймд Г.Ариунболд нь Ө.Ганзориг гэх хүнд 5 сая доллароо зүгээр л дээрэмдүүлчихсэн хэрэг болчхож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө амжиж цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд, “5 сая доллароор залилуулсан” гэх агуулгатай гомдол гаргаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ асуудалтай холбогдуулаад Ө.Ганзориг гэх хүн дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зөвхөн мөрдөн байцаах албанаас биш экологийн цагдаагаас, эрүүгийн цагдаагийн газраас гээд хэд хэдэн газраас тухайн хүнтэй холбогдуулан хэргийг шалгаж байгаа юм байна лээ.

Гэхдээ эдгээр хэргүүдээс ганцхан 5 сая долларын буюу мөрдөн байцаах албатай холбоотой хэрэг дээр нь л Г.Ариунболд гомдол гаргасан байгаа. Харин бусад нь гомдлуудыг хэн гаргасан, ямар шалтгаанаар шалгаж байгааг мэдэхгүй. Ийм учраас өөр дээр нь буюу Ө.Ганзориг гэх хүний нэр дээр 5 сая доллар авсан гэх хэрэг үүсээд эхлэхээр өмгөөлөгчөөрөө дамжуулаад хохирсон юм шигээр өөрийгөө харуулж, зохиомол байдлаар өөрийнх нь дээр хэрэг үүсгээд уурхай, бизнесүүдийг дээрэмдээд байгаа юм шиг худал мэдээлэл тарааж байгаа үйл явдал болж байна. Тэрнээс өөрөөр Ө.Ганзориг гэх хүнтэй хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй. Зөвхөн хувьцаа худалдах, худалдан авах, уурхай түрээслэх л гэрээ л хийж байсан. Цагдаа хүчний байгууллагаар дарамтлуулаад зохиомол хэрэг үүсгүүлээд байсан зүйл байхгүй учир энэ мэдээллүүд нь худал гүтгэсэн зүйл  болж байна. Нөгөө талаар цагдаагийн байгууллагуудыг өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгээрээ Б.Чинбат гэх хүний дор ажиллаж байгаа гэж гүтгэсэнд өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх.

-Б.Оюунбилэг өмгөөлөгчийн мэдэгдэлд дурдагдаад байгаа Б.Чинбат гэх хүн нь тухайн компанитай ямар холбоотой учраас энэ мэдэгдэлд дурдагдаад байгаа гэж үзэж байгаа вэ?

-Тухайн үед анх Г.Ариунболд гэх хүний “Зак Майнинг” гэдэг компаниар бүх гэрээгээ байгуулсан. Тус компанитай Б.Чинбат гэх хүн ямар ч хамааралгүй. Г.Ариунболд компаниараа хувьцаа худалдах, худалдан авах гэх мэт гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан. Энэ явцад Б.Чинбаттай тодорхой нэгэн ажлууд дээр хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Магадгүй Г.Ариунболдыг гэхээс илүү Б.Чинбатыг “ Урьхан” компаниар нь олон нийт таньдаг учраас дайралт хийж байгаа юм болов уу? гэж үзэж байгаа. Гэвч үндсэн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа тухайн компанийнх нь захирал нь бол Г.Ариунболд гэдэг хүн.