"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, их засварын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна. “ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил  дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сарын 1-нд багтаан 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил нь бүрэн дуусна хэмээн тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав хэллээ. Ерөнхий сайд “ТЭЦ-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох төлөөллүүдэд үүрэг болголоо. 

Тодруулбал, 

 -“Засгийн газрын нөөц сан”-аас 2.1 тэрбумаар санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нд дуусгах

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 2026 оны 12 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах

-“Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026–2027 оны өвлийн их ачааллын хугацаанд ашиглалтад оруулах,

-Үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажил удаашрч буй асуудлыг судалж шийдвэрлэх.

-Ашиглалтын хугацаа дууссан, нэн яаралтай шийдвэрлэх 25 МВт  “Турбингенератор-5”-ыг шинэчлэх ажлыг 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, ажлыг эхлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхийг тус, тус үүрэг болголоо.