Нийслэлийн МАН-ын төлөөх тэмцэл ирэх намар илүү хурцдаж, талцал, хуваагдал гүнзгийрэх нь нэгэнт тодорхой болов. Үүнийг НИТХ-ын хуралдааны үеэрх Д.Ихбаяр, А.Баяр нарын маргаан баталж, уг үйл явдал хэрхэн өрнөхийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж эхэллээ.
Тодруулбал, НИТХ-ын саяхны хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр “Энэ албан тушаалд ажиллаж байхдаа юу ч хийгээгүй, хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийх гэж энд ирж суусан” зэргээр өмнөх дарга А.Баярыг шүүмжилсэн юм.
ВИДЕО:
"Д.ИХБАЯР, А.БАЯР НАРЫН МАРГААН НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙГ ИЛ БОЛГОЛОО"
Д.Ихбаяр Ерөнхий сайдын найз бол А.Баяр Э.Бат-Амгалангийн хамтрагч. Тэдний энэ хэрүүл МАН-ын 50 хувийн эрх мэдлийг төвлөрүүлдэг нийслэлийн намын даргын төлөөх тэмцэл ирэх саруудад хэн, хэний дунд хэрхэн үргэлжлэхийг илтгэнэ. Учир нь МАН-ын хэрүүл ил болох тусам асуудал төвөгтэй болсныг илэрхийлдэг.
"Н.УЧРАЛ ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТЫГ ӨӨРИЙН ЗУРСАН ЗУРГААР ХИЙСЭН НЬ МАН-ЫН ШИНЭ ХАГАРЛЫГ ЭХЛҮҮЛЭВ"
Энэ намын “томчууд” нийлж өнгөрсөн хавар Х.Нямбаатарыг хотоос цаашлаад МАН-аас явуулахын тулд ажил, эрх мэдлийг нь авч өгөх тохироотойгоор ХББОС-ын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг эсрэг ажиллуулсан. Гэвч Э.Бат-Амгалангийн Х.Нямбаатартай тэмцэх тэмцэл нь олон сар үр дүнгүй үргэлжилж, эцэст нь утгаа алдаж, олон нийтийн доог тохуу болохтой зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал санал гаргаж, сая нэг Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулсан. Энэ томилгооны давалгаанд А.Баярыг НИТХ-ын даргаас мөн чөлөөлсөн. Харин оронд нь өөрийн дотны найз Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар, мөн улс төрийн хамтрагч Д.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалын эрх мэдлээс Э.Бат-Амгаланг гаргаж, яг өөрийнхөө зурсан зургаар дээрх томилгоонуудыг хийсэн нь МАН-ыг дахин хагарахад хүргэсэн нь энэ аж.
"НАМЫН ДАРГАДАА ГОМДСОН Э.БАТ-АМГАЛАН ӨӨРИЙН ХҮМҮҮСИЙГ ЭРХ МЭДЭЛД ГАРГАХААР АЖИЛЛАНА"
Харин Э.Бат-Амгалангийн хувьд өөрийн найз А.Баярыг Хотын дарга болгохоор зүтгүүлж байсан ч эсрэгээрээ аль ч үгүй үлдсэн юм. Тийм ч учраас Э.Бат-Амгалан нийслэлийн намын хурлын үеэрээ “Урдаа барьж хамаг муу муухайгаа хийлгэчхээд эцэст нь эрх мэдлийн хуваарилалтаас намайг хаслаа. Зүгээр явахгүй” зэргээр бухимдсан байдаг. Ингэж намын даргад гомдол тээсэн тэрбээр ирэх намар нийслэлийн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашлаад даргад нь зүтгэх өөрийн хүмүүсийг эрх мэдэлд томилуулахад ажиллах гэнэ.
"НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ НИТХ-ЫН ДАРГА, ХОТЫН ДАРГЫГ Ч ДАХИН ОГЦРУУЛАХАД ХҮРГЭЖ МЭДНЭ"
МАН-ын дүрмээр нийслэлийн намын дарга Улаанбаатар хотыг удирддаг. Энэ дагуу Х.Нямбаатарыг явуулж, Д.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгох төлөвлөгөөнд Э.Бат-Амгалан саад болж зүгээр суухгүй нь. Нөгөө талд Х.Нямбаатар сонгуулийн амжилтаа тийм амархан булаалгах уу, энэ албан тушаалаараа шалгагдаж буй хэргээ наймаалцаад дуугүй явах уу гэдэг ч анхаарал татаж байгаа юм. Ямартай ч МАН-ын жин дарах хүчийг хэн удирдах вэ гэдэг тэмцэл дахин өрнөх нь. Энэ өрнөл НИТХ-ын дарга, Хотын даргаа ч дахин огцруулахад хүргэж мэдэх юм.