Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан болон зарим сайдууд Хэнтийд уулзаж “КОП 17” уулзалтын дараа Засгийн газрыг огцруулахаар ярилцжээ

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан болон зарим сайдууд Хэнтийд уулзаж “КОП 17” уулзалтын дараа Засгийн газрыг огцруулахаар ярилцжээ

Жилийн өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар 20 гаруй гишүүнийг Цэнхэрийн халуун рашаанд цуглуулан улс төрийн уулзалт хийж байв.

Тэд тэнд 2025 оны улс төрийг зурж, зургийнхаа дагуу намар нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах процессыг өрнүүлж, МАН-ын дарга болохоор зүтгэж, Ерөнхийлөгчийг парламентын засаглалын дайсан хэмээн зарласан байдаг.

-АН-ЫН БҮЛГИЙН БИЧИГ ДЭЭР АЖИЛЛАЯ ГЭЖ ЯРИЛЦЖЭЭ-

Гэвч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж Г.Занданшатарын Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр үлдэж эсрэгээрээ Д.Амарбаясгалан УИХ-ын даргаасаа огцорсон.  Цаашлаад тэрбээр МАН-ын дарга ч үгүй хоцорсноор Л.Оюун-Эрдэнэтэйгээ хорших хоршлоо дуусгасан гэж ойлгож байв. Энэ үйл явдлаас хойш Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сард дуулиантай ярилцлага өгснөөс бусдаар Төрийн ордонд бараг л үзэгдээгүй бол Д.Амарбаясгалан Цагаан сарын дараагаас улс төрийн ажлаа идэвхжүүлсэн. Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчтэй ойлголцсон, Л.Оюун-Эрдэнээсээ холдсон гэх мэдээлэл хөвөрч байлаа. 

Тэгвэл тэд салж, холдоогүй гэдэг нь өнгөрсөн амралтын өдрийн Хэнтийд хийсэн уулзалтаас нь  батлагдаж байна. 

Эл уулзалтад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатараас гадна Засгийн газрын нэр бүхий сайд нар оролцжээ. Олон нийтэд ил болсон мэдээллээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болон Хэрлэн голын гүүр, шинэ замын нээлтэд оролцсон байна. Энэ арга хэмжээнд оролцохын зэрэгцээ дээрх уулзалтыг хийжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх уулзалтаар тэд ирэх намар бүр тодруулбал КОП 17 олон улсын бага хурлын дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөе гэж ярилцжээ. Ингэхдээ хаврын чуулганы төгсгөлд АН-ын бүлгээс Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар санаачлан цуглуулж эхэлсэн гарын үсэг дээр ажиллана гэцгээсэн байна.

УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй бөгөөд 30 нь улс төрийн шийдвэрээ дагаж, Н.Учралыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гэх мэдээлэл бий. 30 гэсэн тоо хийсвэр байсан ч хүргэхээр ажиллах нь тодорхой байгаа юм. Үүн дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарынхан зурвал УИХ-д өргөн мэдүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын нийт гишүүдийн 1/4-ээс доошгүй нь гарын үсэг зурж, албан ёсоор өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бол өргөн барих нөхцөл бүрдэнэ. Харин 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Засгийн газар бүхэлдээ огцрох юм. Хүчтэй байхдаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бүлэг дотроо 30 гишүүнтэй байлаа. Харин одоо жагсаалтаар орж ирсэн гишүүд зэрэг 15 хүрэхгүй хүн тэдэнд бий. Хамгийн гол нь  Д.Амарбаясгалан үнэхээр Л.Оюун-Эрдэнэтэйгээ дахин хамтарч улс төр хийх эсэх нь анхаарал татаж байна. 

-НӨГӨӨ ТАЛД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ Ч УУЛЗАЛТ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ. ИНГЭСНЭЭР МАН-ЫНХАН ХОЁР ТАЛД КНОПОО ТООЛЖ БАЙНА-

Хэрвээ тэд ингэж ажиллавал Засгийн газрыг огцруулахыг гардаж ажилласан, хавсарсан гээд гурав дахь оролдлого нь болох юм. Эндээс харвал тэд үүлэн чөлөөний завсарт л МАН-ын хүчийг авах, төр эргүүлэх төлөвлөгөөтэй явдаг болж таарах нь. Харин нөгөө талд Засгийн газраа тогтвортой авч үлдэх, 2028 онд амжилт гаргах, эрх мэдлээ удаан хадгалах төлөвлөгөөтэй ажиллаж буй Ерөнхий сайд Н.Учрал зүгээр суулгүй мөн уулзалт хийж байгаа гэх мэдээлэл ч байна. Ийнхүү МАН хоёр талд уулзалт хийж, кнопоо тоолж эхэлсэн нь ирэх намар улс төр хэрхэн халахыг харуулж байна.




Байгаль эхийн хилэн

25 минутын өмнө