Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг баг Японы шигшээтэй Монгол улсын шигшээ баг “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд хоёр тоглолт хийж байгаа билээ. Өчигдөр /2026.08.09/ эхний тоглолт болсон бөгөөд Монгол Улсын шигшээ баг 67:65 харьцаагаар хожил байгуулллаа. Энэ тоглолтод Ш.Энхийн-од 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өглөө.
Тэгвэл тоглолт дууссаны дараахан Монгол Улс Японыг буулган авсан талаар Японы “Yahoo! News” порталд мэдээлжээ. Тус мэдээнд Азийн наадамд оролцохоор бэлтгэгдэж буй залуу тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ баг Монголын багт хожигдсон нь “тун харамсалтай” хэмээн онцолсон байна. Харин уг мэдээний доорх япон уншигчдын сэтгэгдлүүдэд Японы шигшээ багийн тоглолтод ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Тэдний дунд Монголын шигшээ багийг дэлхийн чансаагаар доогуур эрэмбэлэгддэг хэмээн үзэж, ийм багт өөрийн талбайдаа хожигдсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн сэтгэгдэл олон байв.
Тухайлбал:
“Ердөө 3.56 сая хүн амтай Монголд хожигдоно гэдэг үнэхээр харамсалтай. Залуу тоглогчид хэдий ч тэд Япондоо дээд түвшний тамирчид.”
Өөр нэг уншигч:
“Залуу тоглогчид голлосон бүрэлдэхүүн байсан уу, үгүй юү гэдэг хамаагүй. Өөрийн талбайдаа дэлхийн чансааны 100-гаас хойших байрт бичигддэг багт хожигдоно гэдэг байж боломгүй зүйл. Сэтгэл дундуур байхаа ч өнгөрч, бүр хэлэх үггүй боллоо”.
“Энэ чинь Япон заавал хожих ёстой тоглолт байсан биз дээ? Үнэхээр ичмээр юм. Монголын баг Японоос чансаагаар хавьгүй доогуур биз дээ. Япончууд сагсан бөмбөг тоглохдоо үнэхээр муу юм.” гэсэн сэтгэгдэл ч гарсан байна.
“Эсрэг багийн 55 дугаартай тоглогч үнэхээр өөр түвшнийх байлаа. 36 минут тоглож, холбогчийн үүрэг гүйцэтгэн, евро алхалтаар хамгаалалтыг сэтэлж, гурван онооны шидэлтээ ч амжилттай болгосон. Бас самбараас бөмбөг сайн авсан. Японы B лигт тоглодог хоёр метрээс өндөр тоглогчдоос ийм хөдөлгөөн бараг харагддаггүй дээ.” гэх зэргээр бичжээ.
