Сүүлийн жилүүдэд улстөрчид бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд хүргэхээс гадна цахим орчинд хандалт авахын тулд төрөл бүрийн контент хийх болсон. Сонгогчдодоо ойр харагдах гэсэн энэ оролдлого заримдаа төрийн өндөр албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэм хэмжээг давж байна гэх шүүмжлэл дагуулж буй.
Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн цахим хуудас болж байна. Тэрбээр өмнө нь хоол хийх зэрэг өдөр тутмын амьдралаа харуулсан контент тогтмол нийтэлдэг байсан бол халуун рашаанд орж буй нүцгэн дүрс бүхий бичлэгээ цахим хуудсаараа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулжээ. Төрийн сайд гэдэг бол зүгээр нэг олны танил хүн биш. Тэр тусмаа хүүхэд, залуусын боловсрол, сургалтын чанар, сургууль цэцэрлэгийн хүртээмж, багшийн асуудал, боловсролын салбарын бодлогыг хариуцдаг хүн. Гэтэл боловсролын салбарт шийдлээ хүлээсэн асуудал мундахгүй байхад сайдын цахим хуудас бодлого, шийдвэрээсээ илүүтэй хувийн амьдрал, хандалт хөөсөн контентоор дүүрэх нь хэр зохистой вэ гэсэн асуулт гарч ирж байна. УИХ-ын гишүүн, сайд хүн иргэдийн татсан лайк, үзсэн тоогоор бус хийсэн ажил, гаргасан бодлого, салбартаа бий болгосон өөрчлөлтөөрөө үнэлэгдэх учиртай. Нөгөө талд мэдээж энэ бол хувь хүний эрх байж болох. Цахим орчинд иргэдтэй харилцах, ажлаа сурталчлах нь буруу биш. Харин төрийн албан тушаалтан хандалт авахын төлөө хаана хүртэл хувийн шинжтэй контент хийх вэ гэдэгт тодорхой хэмжээний хязгаар байх ёстой.