Улсын хэмжээнд үүсээд буй шатахууны хангамж, импорт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл өглөө. Манай улс энэ сард ОХУ-ын "Роснефть" компаниас 149,500 тонн, бусад нийлүүлэгчдээс 12,500 тонн, БНХАУ-аас зургаан мянган тонныг тус тус авахаар төлөвлөж, нийтдээ 168,000 тонн АИ-92 автобензин худалдан авах захиалгыг хүргүүлсэн байна. Гадаад захиалгууд баталгаажиж, ачилтууд эхэлсэн бөгөөд ОХУ-аас автобензин, түлш, шатахуун тасралтгүй орж ирж байгаа юм.
АМГТГ-ын өгсөн мэдээллээр “Сүүлийн хоёр хоногт 84 вагон буюу таван мянга гаруй тонн АИ-92 бензин ирснийг хүлээн авч, буулгах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар буулгах өртөөнүүдэд нийт 44 вагоныг буулгах ажил хийгдэж байгаа ба үүнээс Толгойт өртөөнд 22 вагон, Рашаант өртөөнд 12 вагон, Эрдэнэт болон Дархан өртөөнд 10 вагон байна. Хятад улсаас орж ирсэн нэг мянган тонн онгоцны түлшийг Замын-Үүд суманд байрлах "Сод Монгол" группийн агуулахад буулгасан. Үүнээс дөрвөн вагон Jet A-1 түлш Улаанбаатар өртөөнд хагас сайн өдөр орж ирсэн. Өнгөрсөн ням гарагт агуулах амралттай байсан тул буулгалт хийгдээгүй бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхэлж байна. Манай улс өмнө нь онгоцны түлшийг ОХУ-аас бараг 100 хувь импортолдог байсан боловч ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан зургаа, долоодугаар саруудад нийлүүлэлт хийгдээгүй, зөвхөн багахан хэмжээний хоёр вагон түлш орж ирсэн байна. Үүнтэй холбогдуулан эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хэлэлцээ хийсний үр дүнд долоодугаар сард гурван мянган тонн Jet A-1 төрлийн онгоцны түлш авах гэрээ байгуулсан. Үүнээс нэг мянган тонн нь Монгол Улсад орж ирээд байгаа бөгөөд авиа компаниудад нийлүүлэх ажил хийгдэж байна. Үлдсэн хоёр мянган тонн түлшийг ачсан найман вагон өчигдөр, уржигдар үйлдвэрээс хөдөлж, Эрээн боомт руу чиглэн явж байна.
Эрээн боомт дээр 3-4 хоногийн дараа ирэх хүлээлттэй байна. Улаанбаатар хотод 260 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотын хэрэглээг хангахын зэрэгцээ орон нутаг руу гаргах нөөцийн боломж хязгаарлагдмал байгаа ч аль болох зохицуулалт хийн ажиллаж байна.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчлалын гол маршрутын дагуух шатахуун түгээх станцуудад шатахуун хүргэх ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар хотоос гарах чиглэлийн 3-4 байршилд шатахууны хуваарилалт хийж, орон нутгийг зорих аялагчид болон аялал жуулчлалын компаниудад үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Оросын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс гадна бусад үйлдвэрүүдээс ирж буй шатахууны тээвэрлэлт хугацаа шаарддаг тул наймдугаар сарын дундаас нийлүүлэлт нэмэгдэж, нөхцөл байдал тогтворжих хүлээлттэй байна. Олон үйлдвэрээс зэрэг нийлүүлэлт орж ирснээр нөөц нэмэгдэж, түгээлт хэвийн болно” гэв.