Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Монгол Улсад шатахуун тасалдаж буй асуудлыг ОХУ-тай холбон тайлбарласан, ОХУ-ыг магтаж, Монгол Улсыг буруутгасан агуулгатай постууд гарах болсон.
Тухайлбал, “Оросуудыг муухай харагдуулах зорилгоор бензин тасалдуулсан байна. ОХУ-ын хил дээрээс Монгол Улс бензинтэй вагоноо татаж авахгүй олон хонолоо” гэх зэрэг мэдээлэл цахим хуудсуудад тархаж байна. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өглөө.
Тэрбээр “Бас нэг улс орны эрх ашгийн эсрэг гүтгэлэг явж байна. Ийм зориудын хагалан бутаргах, төөрөгдүүлэх зорилготой ажиллагаа системтэй, зохион байгуулалттай явж байгаа учир хуулийн байгууллага яаралтай шалгах ажил эхлүүлэх болж байна” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр дээрх мэдээллүүд бодит байдалд нийцэхгүй болохыг онцолж, улс орны эрх ашгийн эсрэг худал мэдээлэл тарааж буй цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлжээ.