ВИДЕО: Энэ зун хоёр удаа эргээ давж үерлэсэн Сэлбэ голын тохижилт зургаадугаар сард дуусах ёстой байсан ч одоог хүртэл ажил үргэлжилсээр байна

ВИДЕО: Энэ зун хоёр удаа эргээ давж үерлэсэн Сэлбэ голын тохижилт зургаадугаар сард дуусах ёстой байсан ч одоог хүртэл ажил үргэлжилсээр байна

Дунд голын эхээс Натурын гүүр хүртэл 1.4 км үргэлжлэх үерийн түшиц хана барих ажил өнгөрсөн есдүгээр сард дуусч, түшиц хананы доторх явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажил эхэлсэн. Харин тус ажлын гүйцэтгэгчээр “Силла групп” ажиллаж байгаа бөгөөд зургаадугаар сард бүрэн дуусна гэж мэдэгдэж байсан ч одоог хүртэл хийж дуусаагүй  ажил үргэлжилж байна.

ВИДЕО:

-"ТӨЛӨВЛӨСӨН ЗУРГААДУГААР САРД АЖИЛ ДУУСАХГҮЙ. ДОЛДУГААР САРД АЖЛЫГ ДУУСГАНА" ГЭЖ МЭДЭГДСЭН Ч НАЙМАН САР ДУНДАА ОРЖ БАЙНА-

Улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгөөр тус тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Гэтэл зөвхөн нэг зуны дотор Сэлбэ гол хоёр удаа эргээ даван үерлэж хийсэн тохижилтын ажлыг дахин, дахин сүйтгэсээр байна. Тус тохижилтын ажлыг эхэлж байх үеэс үерийн хамгаалалтын далан дотор ногоон байгууламж хийх ажилд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан. "Нэг хүчтэй бороо ороход л урсаад алга болно” гэсэн байр суурийг иргэд сошиал орчинд хүчтэй илэрхийлж байснаар болж тохижилтын дээд хэсгээрээ урссан байдаг. Гэтэл энэ жилийн хувьд Улаанбаатар хотод  зөөлөн, шиврээ бороо л орсон бөгөөд наймдугаар сарын эхээр Өлзийт хороололд орсон шиг хүчтэй аадар бороо Сэлбэ голын эхээр орвол тохижилтын ажил бүгд урсах эрсдэлтэй байна.

Сэлбэ гол. 2026.08.10-ны өдрийн байдлаар.

Энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, "НЗД-ын захирамжаар өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөөр үерийн далангийн гадна болон дотор тохижилтыг гүйцэтгэх гэрээг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар байгуулсан. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажлын явц 75 хувьтай байна. Ирэх долоодугаар сард тохижилтын ажлыг дуусгаж, Улсын комисс ажиллуулахаар шахаж ажиллаж байна" гэж мэдэгдэж байв.

Сэлбэ гол. 2026.08.10-ны өдрийн байдлаар.

Гэвч ISee.mn сурвалжлах баг ажлын цагаар Сэлбэ голын тохижилт дээр очих үед ажил хийж байгаа нэг ч хүн харагдсангүй. Тухайн газарт очоод 30-40 минут орчмын дараа голын дунд орхисон байсан экскаваторын жолооч ганцаар ирж ажлаа үргэлжлүүлсэн юм. Хийсэн ажил нь дахин дахин урсаад байгаа учир ажлын идэвхгүй болсон уу гэлтэй Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг хэлсэн шиг ажлыг дуусгахаар шахаж, түр шуурхай ажиллаж байгаа нэг ч хүн харагдсангүй. 

-ЭНЭ ЗУН ХОЁР УДАА ҮЕРТ УРССАН СЭЛБИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ “ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” ГҮЙЦЭТГЭСЭН-

Тэгвэл энэхүү хийж дуусаагүй байхдаа үерт урсаад байгаа тохижилтын ажлын зураг төслийг "Престиж инженеринг" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийн ажилд 520 сая төгрөгийг зарцуулсан байж магадгүй байна.

“Туул, Сэлбэ голын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламж, усан сан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах” гэх нэртэй тендерийн ТЭЗҮ дээрх “Даалгавар шинэ” гэх баримт бичигт, “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд "Престиж инженеринг" ХХК нь Хот Төлөвлөлт, Судалгааны Институт ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан, усны барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон усны барилга байгууламжийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн болно” хэмээн хавсаргасан байгаа юм.

-ДАХИН ҮЕРЛЭНЭ ГЭЖ ТООЦОЖ ҮЕРИЙН ХАНА БОСГОСОН Ч ХАНАН ДУНДАА 6.2 ТЭРБУМААР ТОХИЖИЛТ ХИЙЖ БАЙНА-

Гэвч зураг төслийг гаргасан "Престиж инженеринг" компани тохижилтын ажил хийгдсэнээр гол дахин үерлэхгүй гэж бодсон уу эсвэл Улаанбаатар хотод дахиж их хэмжээний бороо орохгүй гэж найдсан уу гэмээр ажлыг эхлүүлснээр 6.2 тэрбум төгрөгийн тохижилтын ажил эхэлж байжээ.

2025 онд "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг нэгэн ярилцлагадаа “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэж байжээ.

Сэлбэ гол. 2026.08.10-ны өдрийн байдлаар

Тэгвэл үнэхээр үерлэнэ тооцож “хотыг хоёр хуваасан” үерийн хана босгосон ч далан дотор тохижилт хийсэн нь бороо хур их орно гэж мэдэгдээд байгаа наймдугаар сард тэсэж үлдэхэд тун хүнд даалгавар болно. Мөн хоёр гаруй жил үргэлжилж байгаа Сэлбэ голын ажил хэзээ дуусах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.