Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирэх болоод буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт хийж, тухайн бүтээгдэхүүн хууль, журамд нийцэж байгаа эсэхийг тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах үүрэг, чиглэл өглөө. Мөн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоох чиглэлээр хяналт тавьж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчин дахь дээрх төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд хяналт тавьж, зөрчилтэй мэдээллийг таслан зогсоох арга хэмжээ авахаар ажиллаж байна.