Сайн дурын 20 орчим залуу Багшийн дээдийн нүхэн гарцыг будаж, ханын зураг зурж эхэлсэн байна. Тэд тавдугаар сарын 9-ний өдөр гарцыг угааж, цэвэрлэх хөдөлгөөнөөр ажлаа эхлүүлсэн бол энэ сарын 17-ноос өмнө бүрэн засварлаж, хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа аж. Тус гарцад шинэ гэрэл, камер суурилуулж, ханыг цэвэрлэн, таазыг цагааруулжээ.
Ханын зургийн нооргийг хичээнгүйлэн, чамбай зурж буй хоёр сурагч аргагүй нүдэнд тусна. Тэднийг Э.Энхжаргал, Б.Төгөлдөр гэдэг. Тэд өмнө нь хананд зураг зурах сайн дурын ажилд оролцож байхдаа танилцаж, энэ удаагийн хөдөлгөөнд хамтдаа нэгджээ. Тэд ханын зурагтаа “Өв соёлоо хадгалан үлдээе” гэсэн агуулгыг шингээхийг хүссэн байна. Нүхэн гарцаар зорчиж буй хүн бүр тэр дундаа хүүхдүүдэд монгол зургын онцлогийг таниулж өв соёлоо сурталчлахыг хүсжээ.