Японы нийслэл Токио хотын өргөн бүс нутагт “Чан-Хом” халуун орны шуурга мягмар гарагийн орой хүрч, лхагва гарагт баруун зүгт шилжжээ. Шуурганы улмаас модод унаж, олон мянган айл өрх цахилгаангүй болсон байна.
“Чан-Хом” шуурга Ибараки мужийн өмнөд хэсэгт газардсаны дараа хүч нь суларч, лхагва гарагийн өглөө Японы төв хэсгийн Гифү мужийн орчимд хүрчээ. Тухайн үед салхины тогтвортой хурд цагт 64 км байсан бөгөөд Вакаса булангийн чиглэлд шилжиж байв. Шуурганы улмаас таван хүн хөнгөн гэмтсэн бөгөөд Ибараки болон хөрш Точиги мужид 3000 гаруй айл өрх цахилгаангүй болсон байна.
Харин Токио хотод галт тэрэг болон нислэгийн үйл ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байсан ч Японы хойд болон баруун хэсэгт хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай бороо орохыг цаг уурын байгууллагаас анхааруулжээ. Түүнчлэн “Чан-Хом” шуурганы улмаас Токиогийн Ханэда нисэх буудлаас хөөрөх болон буух 60 орчим нислэг цуцлагдсан байна.