Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцууллаа.
Тэрбээр Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, хиймэл оюун ухаан хөгжсөн өнөөгийн нөхцөлд дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгалын гол бүрэлдэхүүн болох дата үйлдвэрлэлд оролцох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв. Энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын үеэр Монгол Улсад AI ногоон дата төв байгуулах бодлогоо олон улсад танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын ямар нөхцөл боломжтой, хууль эрх зүйн орчин ямар байгааг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм байна. Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулахад түлхүү анхаарч байгаа бөгөөд Монгол Улсын газар нутаг, цаг уурын таатай нөхцөл зэрэг давуу талтай уялдуулан олон улсын дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сайд Ч.Номин "Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, хиймэл оюун хөгжсөн буюу дөрөвдүгээр үйлдвэржилтийн дата үйлдвэрлэлд оролцох нь зөв. Тиймээс COP17 хурлын хүрээнд ногоон өгөгдөл цуглуулах төсөл танилцуулж ажиллана” гэв. Түүнчлэн Монгол Улсад Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус зөвлөлийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж ажиллах юм байна. Тус зөвлөл нь төрийн үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилан иргэдэд хүргэх, мөн боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт AI технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах аж. Ингэснээр Монгол Улс хиймэл оюун ухааны технологийн салбарт олон улсын түвшинд шинэ тоглогч болон орж ирэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.