Шатахууны хязгаарлалтыг наймдугаар сарын 15-наас цуцалж, хэвийн олгож эхэлнэ

Шатахууны хязгаарлалтыг наймдугаар сарын 15-наас цуцалж, хэвийн олгож эхэлнэ

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас шатахууны нийлүүлэлт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АҮЭБЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотод Наймдугаар сарын 4-нөөс эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаар олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарласан зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Тэгвэл наймдугаар сарын 15-наас шатахууны борлуулалтад тавьсан хязгаарлалтыг цуцалж, хэвийн олгож эхлэхээр болжээ. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хэлэлцээ хийж, наймдугаар сард авах шатахууны хэмжээнд нэмж 25 мянган тонн АИ-92 автобензин авахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд наймдугаар сард шатахууны нийлүүлэлт тасалдахгүй, хэвийн үргэлжилнэ гэлээ. 

Б.Дашпүрэв "ОХУ-аас Монгол Улс руу нийт 180 вагон буюу 110 мянган тонн шатахуун ирж байгаа бөгөөд эдгээрийг энэ амралтын өдрүүдэд буулгаж, ирэх даваа гарагаас түгээлтийг эхлүүлнэ. Түүнчлэн Эрээнцав боомтоор 13 вагон шатахуун орж ирэх бөгөөд зүүн бүсийн аймгуудад үүсээд буй шатахууны хомсдлыг бууруулахад зарцуулна.  Ингэснээр шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, наймдугаар сарын 15-наас борлуулалтын хязгаарлалтыг цуцлан хэвийн олгоно" гэлээ.