"Ерөнхий сайдыг огцруулах" бичигт АН-ын 41 гишүүн зурсан бол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ЗГ-аа авч үлдье гэвэл "Б.Энхбаярыг огцруул" гэжээ

"Ерөнхий сайдыг огцруулах" бичигт АН-ын 41 гишүүн зурсан бол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ЗГ-аа авч үлдье гэвэл "Б.Энхбаярыг огцруул" гэжээ

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хэлснээр "улс төрийн халуухан хавар" дуусаж, халуухан намар удахгүй эхлэх нь. Өнгөрсөн хавар Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооц гэсэн шаардлагаас эхэлсэн УИХ дахь АН-ын бүлгийн улстөр энэ намар "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэх" дээр ирээд байна. Харин энэ удаа асуудлыг шийдэх зүйл нь АН-ын бүлгийн 42 гишүүн дээр МАН-ын бүлгээс хэн, хэн нэмэгдэх вэ гэдгээр хэмжигдэх нь.

-19 НАСТАЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН АМЬ АН-ЫН БҮЛГИЙН ШААРДЛАГЫН ЭХЛЭЛ БОЛОВ-

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 19 настай хугацаат цэргийн албан хаагч 2026 оны тавдугаар сарын 19-нд амиа алдсан хэрэг гарсан. Ар гэрийнхэн нь хүүгээ бусдад зодуулсны улмаас амиа алдсан гэж үзэж байсан бол Зэвсэгт хүчний жанжин штабаас эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан хэмээн тайлбарласан байдаг. Ээж, аавынхаа гэрээс гарч, эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордсон залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг мэдээж олон нийтийн анхаарлыг татсан. Улмаар уг асуудалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Д.Батлут хариуцлага хүлээж, огцрох ёстой гэсэн шаардлага ч хүчтэй өрнөсөн юм.

Тухайн үед Ерөнхий сайд Н.Учрал “Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, удирдлагын дарамт шахалт, анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбогдолтойгоор цэрэг хүү амиа алдсан бол хэн ч байсан заавал хариуцлага хүлээх ёстой” хэмээж байв. Гэвч энэ байр суурь бодит хариуцлага тооцох шийдвэрээр үргэлжлээгүй. 

ВИДЕО: 

 

-О.ЦОГТГЭРЭЛ Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛНЭ ГЭДГЭЭ 2026.06.08-НД ЗАРЛАВ-

Улмаар УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага хүлээлгэхийг 2026 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж, албан бичиг хүргүүлсэн. Гэвч 14 хоногийн хугацаанд Ерөнхий сайд Н.Учрал уг шаардлагад "тодорхой хариулт өгөөгүй" юм.

Ингээд 2026 оны зургадугаар сарын 8-нд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийж, “Д.Батлут сайдад хариуцлага тооц гэхэд хариулт ирүүлээгүй. Үүнийг хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь гэж ойлгож байна. Хэрэв албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн. Ингээд "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах"-аар УИХ дахь АН-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна албан ёсоор хэлсэн юм.

ВИДЕО:

-"ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ" АЛБАН БИЧИГ ДЭЭР АН-ЫН БҮЛГИЙН  41 ГИШҮҮН ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААД БАЙНА-

Тухайн үед АН-ын бүлгийн дарга намын гишүүд бүгд дэмжиж байгаа гэх байр суурь илэрхийлж, гишүүд ч бүлгийн шийдвэрээ дагана хэмээж байв. Гэвч О.Цогтгэрэл өөрийн албан бланк дээр цуглуулсан гарын үсгээ УИХ-д өргөн барилгүй хаврын чуулганыг хаасан. Тэрбээр энэ үедээ 30 гишүүн дэмжиж, гарын үсэг зураад байна гэж мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах" албан тоот дээр тус бүлгийн 41 гишүүн гарын үсэг зурсан байна.

УИХ дахь АН-ын бүлэг нийт 42 гишүүнтэй бөгөөд эдгээрээс УИХ-ын гишүүн Ж.Баясгалан одоогоор гарын үсэг зураагүй байгаа аж. Тэрбээр гадаад улсад эмчлүүлж байгаа бөгөөд эх орондоо ирээд гарын үсэг зурна гэдгээ бүлгийн гишүүддээ мэдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хавар 30 гишүүний тухай яригдаж байсан бол өнөөдөр АН-ын бүлгийн 42 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихэд бэлэн болсон дүр зураг харагдаж байна.

-Б.ЭНХБАЯРЫГ ЯВУУЛБАЛ ЗАСГИЙН ГАЗРАА АВЧ ҮЛДЭХ ТОХИРОО МАН ДОТОР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Гэхдээ энэ асуудал зөвхөн АН-ын гарын үсгээр шийдэгдэхгүй. АН шаардлагаа "эргэлдүүлж" хугацаа алдаж байх хооронд эрх баригч намын дотор ч "тохироо" өрнөж эхэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурын лусыг тайх Төрийн их тахилга буюу “Далай ээж”-ийн тахилга наймдугаар сарын 2-нд болж өндөрлөсөн. Энэ үеэр МАН-ын олонх гэгддэг талынхан “дугуй ширээний” уулзалт хийсэн бол нөгөө талд МАН-ын цөөнх гэгддэг хэсгийнхэн Хэнтийд уулзаж, "Засгийн газрыг огцруулах" АН-ын шаардлагын талаар ярилцсан байна.

Точвхондоо, АН-ын бүлгийн "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах" шаардлагад үндэслэн МАН дотор талуудын тохиролцоо, улс төрийн яриа, хэлэлцээ явагдаж эхэлсэн байна.

Тухайлбал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын цөөнхийн тал Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаас Б.Энхбаярыг огцруулах шаардлага тавьж байгаа аж. Харин үүний хариуд тэд АН-ын шаардаж буй Засгийн газрыг огцруулах шаардлагад нэгдэхгүй, Н.Учралын эсрэг кноп дарахгүй байх хувилбарыг тавьжээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАНГ ШҮҮМЖИЛЖ, ОЛОН БАРИМТ ДЭЛГЭСЭН Б.ЭНХБАЯР БАЙ БОЛОВ-

Тэгвэл Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас нь огцруулах шаардлага тавьсан шалтгаан нь энгийн. Түүний сүүлийн жилүүдэд илэрхийлсэн байр сууриас тодорхой харагдана. Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талаар нэг бус удаа ноцтой мэдэгдэл хийж, олон нийтэд ил болгож байсан. Тухайлбал, "Л.Оюун-Эрдэнэ  огцрохоос дөрөв хоногийн өмнө хилийн бүсэд 34.227 га газар хууль зөрчин олгосон" болон "Л.Оюун-Эрдэнэ Гэрэгэ тауэрын 14, 15 давхарыг дээрэм хийсэн" гэх асуудлыг ч хүчтэй хөндсөн. 

ВИДЕО:

Түүнчлэн Д.Амарбаясгаланг ч Б.Энхбаяр зүгээр өнгөрөөж ирээгүй. Тухайлбал, Бортээгийн ордтой холбоотой асуудал, түүнд хамаарал бүхий “Админерал” ХХК нь Д.Амарбаясгалангийнх гэх асуудал 2021 оноос яригдаж эхэлсэн. Эл асуудал 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын үеэр дахин олны анхаарлын төвд орсон байдаг. Ингээд Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан бол өдгөө нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. 

Энэ бүх хугацаанд Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг хамгийн хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсаар ирсэн. Тэр ч байтугай УИХ-ын чуулганы индэр дээрээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгахыг шаардаж, “Юунаас нь айгаад байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай.

ВИДЕО:

Өөрөөр хэлбэл, өнөөдөр огцруулах асуудал нь яригдаж буй Б.Энхбаяр бол зүгээр нэг нэгэн сайд биш. Тэрбээр эрх баригчдын дотоод зөрчил, албан тушаалтнуудын нэр холбогдсон маргаантай асуудлуудыг удаа дараа ил ярьж, өөрийн байр сууриа ил тод илэрхийлж ирсэн улстөрч юм. Харин Н.Учрал Засгийн газраа авч үлдэхийн тулд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын шаардлагаар Б.Энхбаярыг явуулах уу гэсэн сонголттой тулах нь. 

Хэрэвзээ ЗГХЭГ-ын даргаас Б.Энхбаярыг огцруулбал Хотын дарга асан Х.Нямбаатарыг ЗГХЭГ-ын даргаар томилуулах тулгалтыг ч Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хийж байж магадгүй юм. 

"АН-ЫН 42 ДЭЭР Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН 15 НЭМЭГДСЭН Ч ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХАД 7 КНОП ДУТНА"

Товчхондоо, АН-ын эхлүүлсэн Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн эрх баригч намын дотоод улс төртэй огтлолцож байна. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хүчтэй байх үедээ бүлэг дотроо 30 орчим гишүүний дэмжлэгтэй байсан бол өнөөдөр тэдний талд жагсаалтаар сонгогдсон гишүүдийг оролцуулаад 15 хүрэхгүй гишүүн байгаа гэх тооцоо бий. Хэрэв АН-ын 42 гишүүн дээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 15 орчим гишүүн нэмэгдэж, нэг байр суурьт очвол нийтдээ 57 кноп болно. Үүн дээр ИЗНН-ын дөрвөн гишүүнээс ч зарим нь нэмэгдэнэ. 

Гэхдээ Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурж, албан ёсоор өргөн мэдүүлэх боломжтой. Энэ нь 32 гишүүний дэмжлэгээр уг асуудлыг өргөн мэдүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Харин УИХ-ын 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Засгийн газар огцроно. Тэгэхээр өнөөдрийн тооцоогоор Засгийн газрыг огцруулахад 3-7 кноп дутаж магадгүй. 

АН-ын 42 гарын үсэг өөрөө Засгийн газрыг огцруулахад хангалтгүй. Харин МАН-ын дотоод зөрчил энэ хөдөлгөөнтэй нийлбэл улс төрийн нөхцөл байдал огт өөрөөр эргэх боломжтой. Тиймээс АН-ын шаардлага эрх баригчдад ашигтай буюу МАН-ын дотоод талуудыг дахин эвлэлдүүлэх шалтгаан болж хувирах уу гэдэг нь энэ намрын чуулганы хамгийн сонирхолтой улс төрийн сэдэв байх нь.