ГЕГ: Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд импортлогч ААН-үүдэд хялбаршуулсан зохицуулалтаар үйлчилж байна

ГЕГ: Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд импортлогч ААН-үүдэд хялбаршуулсан зохицуулалтаар үйлчилж байна

Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчил, албан хаагчдад сахилга хариуцлага тооцсон арга хэмжээ болон гаалийн цахимжилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр шатахууны импорт, гаалийн хяналтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Сүхбаатар "Наймдугаар сарын 1-12-ны хооронд нийт 66.3 мянган тонн түлш, шатахуун Монгол Улсын хилээр нэвтэрсэн.Үүний 92 хувийг Сүхбаатар боомтоор буюу ОХУ-аас импортолсон.  Шатахуун тээвэрлэсэн цистернүүдийг улсын хилээр нэвтрүүлэх үед гаалийн бүрдүүлэлтийг шууд хийлгүйгээр оруулж байгаа. Гэхдээ энэ нь тухайн шатахуун чанарын шаардлага хангаагүй гэсэн үг биш бөгөөд импортын шатахуунд дараагийн шатанд чанарын шалгалт хийдэг" гэлээ.  Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хялбаршуулсан зохицуулалт үйлчилж байгаа бөгөөд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор гаалийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.