В.Путины Курилийн аралд хийсэн айлчлал Японы хүчтэй эсэргүүцлийг төрүүллээ

В.Путины Курилийн аралд хийсэн айлчлал Японы хүчтэй эсэргүүцлийг төрүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы ойролцоох, хоёр улсын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаантай Курилийн арлуудын нэг болох Итуруп аралд наймдугаар сарын 13-нд анх удаа айлчилжээ. Уг айлчлалыг Японы тал эрс буруушааж, ОХУ-ын Элчин сайдыг дуудаж албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Итуруп арлыг ОХУ-д Итуруп, Японд Эторофу хэмээн нэрлэдэг бөгөөд Курилийн өмнөд хэсгийн маргаантай дөрвөн арлын нэг юм. 

Эдгээр арлыг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ эзлэн авсан бөгөөд Япон өнөөг хүртэл өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг аж. Түүнчлэн дээрх газар нутгийн маргаан нь хоёр улс албан ёсны энхийн гэрээ байгуулахад гол саад болсоор иржээ. Путин айлчлалынхаа үеэр арал дахь сургууль, эмнэлэг болон загас боловсруулах үйлдвэрээр орж, орон нутгийн удирдлагуудтай уулзсан байна. ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС-ын мэдээлснээр энэ нь Путины Курилийн арлуудад хийсэн анхны биечлэн айлчлал аж. Тэгвэл нөгөө талд Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Путины айлчлалыг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдэж, Японы ард түмний сэтгэл санааг шархлуулсан үйлдэл хэмээн буруушаасан байна. 

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы эсэргүүцлийг няцааж, Курилийн арлуудыг ОХУ-ын салшгүй хэсэг хэмээн дахин мэдэгдсэн байна. Мөн Оросын тал Ерөнхийлөгчийн улсынхаа нутаг дэвсгэрт зорчих асуудал нь гадаадын улс орнуудтай хэлэлцэх зүйл биш гэжээ. Путины энэхүү айлчлал нь Япон улс Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 81 жилийн ойг тэмдэглэхээс хоёр хоногийн өмнө болсон бөгөөд Москва, Токиогийн олон жилийн газар нутгийн маргааныг дахин хурцатгасан үйл явдал боллоо.

Эх сурвалж: Reuters