Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт гэртээ унтаж байсан 1 нас 6 сартай охин алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 15-ны 11:30 цагт “Гэртээ унтаж байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар охины аав, ээж нь түүнийг гэрт нь унтуулж үлдээгээд малдаа явсан бөгөөд ойролцоогоор 30 минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.
Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, дөрвөн тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Улмаар 15:50 цагт охиныг гэрээсээ ойролцоогоор 3 км-ийн зайд байрлах тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдалд анхаарч, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.